Дайны эрсдэлийн даатгалын сангийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт яллагдагчаар татагдсан МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, удахгүй прокурорт шилжүүлэхээр болжээ. Хууль хяналтын байгууллагаас сүүлийн үед шалгаж байгаа албан тушаалын гэмт хэргийн дуулианыг тэргүүлж буй МИАТ-ын захирлууд арав орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа сурагтай. Тэд 2007 оноос хойш нийт 15 удаагийн гүйлгээгээр зургаан сая, 928 мянган ам.долларыг “Best Wealth Aviation Insuranse Group”-ын дансанд хийсэн. Үүнээс 4.7 сая ам.долларыг Монгол руу татсан талаар хэвлэлд мэдээлж буй. Дээрх хэргийн мөрдөн байцаалт дуусаж байгаа тул тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугарын хэргийг тусгаарлажээ. Учир нь цагдаагийнхан Үндсэн хуулийн цэцээс Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар гаргасан хүсэлтийн хариугаа хүлээж байгаатай холбоотой аж.
Хэрвээ ҮХЦ гишүүн Д.Сугарыг гэмт хэрэгт холбогдуулан шалгахыг зөвшөөрвөл түүнийг МИАТ компаниас мөнгө угаасан гэх нөхдийн хэрэгт холбоотой эсэхийг шалгах гэнэ. Юутай ч МИАТ-ын мөнгөний мөрөөр орсон цагдаагийнхан цагаан захтнуудын өдүүлсэн гэх энэ хэргийг шалгах явцдаа ТӨХ-ны зарим ажилтнуудыг албан тушаалаа урвуулан ашигласан байж мэдэх сэжүүрээс атгаж авсан бололтой. Хэрэгт шалгагдаж буй ТӨХ-ны албан хаагчдын нэг нь Төрийн өмчийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантуяа. Түүнийг МИАТ компанийн мэдэлд байсан хуучин олон улсын нисэх буудлын барилгын бүртгэлийг санаатайгаар будилаантуулж, компанийн данснаас хасуулж акталсан. Хуурамч баримт бүрдүүлэн төрийн өмчийг МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ч.Хоролсүрэнтэй хуйвалдан худалдсан. Мөн компаниудын худалдан авах автомашины үнийг нэмж, зөрүүг хувьдаа завшсан, актлагдсан автомашиныг дуудлага худалдаа зарласан газраас өөр газарт явуулж, сонирхогч этгээдүүдийг төөрүүлж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэнэ.
Ч.Алтантуяагийн үнэгүйдүүлж зарсан гэгдэж буй МИАТ компанийн мэдэлд байсан хуучин олон улсын нисэх буудлын барилгын суурин дээр тус компаниас мөнгө угаасан хэргээр шалгагдаж байгаа Ч.Хоролсүрэн барилга барьж байгаа нь анхаарал татаж байгаа аж. Цагдаагийнхан тус компанийн удирдлагуудын нэр холбогдсон хэргийг шалгах явцад илэрсэн энэ мэт сэжүүр тэдний анхаарлыг ТӨХ руу хандуулсан бололтой. Учир нь тус хорооны албан хаагчид төрийн мэдлийн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд албан ёсоор багтдаг тул энэ ажлыг давхар эрхэлж байгаагийнхаа төлөө тодорхой хэмжээний нэмэгдэл цалин авдаг аж. Харин тэдний хувьд энэ цалин байдаг л нэг нэмэгдэл гэх. Учир нь тэдний сонирхлыг төрийн мэдлийн аль гайгүй, ашиг орлоготой гэсэн компаниуд татдаг төдийгүй сонирхсон компанийнхаа ТУЗ-д ядах юмгүй орж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүдэг арга заль ихтэй цөөнгүй хүн байдаг сурагтай.
Компанийн ТУЗ-д орох шийдвэрийг ТӨХ-ны дарга тушаалаар баталгаажуулдаг. Харин аль гайгүй ашиг орлоготой төрийн өмчийн компанийн ТУЗ-ийг өөрөө сонгодог тус хорооныхны хувьд нэг компанийг нөгөөгөөр солих нь хүнд асуудал биш аж. Төрийн өмчийн компаниудын ТУЗ-д тааллаараа томилогддог эдгээр нөхөд компаниудад төрийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөөх “шагналд” 2-3 мянган ам.доллар бэлнээр авдаг. Мөн албан тушаалаа ашиглаж, төрийн өмчийг хямд үнэлэн, цааш нь дамлан зардаг, гадаадад сурах нэрээр хариуцдаг компаниудаасаа 30 гаруй мянган ам.доллар авч халаасласан, тэдгээр компанийн зардлаар хүүхдээ Америкт сургасан зэрэг асуудал мандаж, хуулийн байгууллагаар шалгагдаж байсан сурагтай. Харин ТӨХ-ны албан тушаалтнуудын нөмөр нөөлөг үү, эсвэл ажлын зав чөлөө нь болоогүй ч юм уу “Эрдэнэт”, “Эрдэнэс МГЛ”, МИАТ, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлууд ТӨХ-гоор царайгаа ч харуулдаггүй юм байна.
Юутай МИАТ”-ын хэргийн дуулианы хоморгонд шалгагдаж эхэлсэн Төрийн өмчийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантуяа нь цэргийн ангийн хувьчлах барилга байгууламжийг хямдаар үнэлж, ТӨХны тогтоол гаргуулж, тогтоол батлагдмагц хавсралтыг нь сольж 4-5 дахин өсгөн зарж, хувьдаа мөнгө завшсан нь илэрсэн ч цалингийн 20 хувиар торгуулаад өнгөрч байжээ. Тэрбээр энэ хэргийн улмаас ажлаасаа халагдсан боловч ТӨХ-ны дарга асан Д.Сугар, Ц.Нанзаддорж нар ажилд нь эргүүлэн томилсон юм байна.
Д.ЦАЦРАЛ