Харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ итгэлийг эвдэн, хууль бусаар хувьцаа гаргаж, 1200 иргэнийг залилсан “Анод” банкны удирдлагад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд боллоо. ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, Зээлийн газрын захирал Э.Оюунсүрэн нар банкны хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулан, бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлснээр иргэд, байгууллагад 122 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.долларын хохирол учруулжээ. Уг хэрэгт дээрх хүмүүсээс гадна Г.Сүхээ, Э.Цэрэндаш, Д.Ганзориг, Ч.Болдбаатар, Д.Болд, П.Балдорж, А.Энхболд, Ч.Өлзийбаяр нар холбогдон шалгуулж, яллагдагчаар шүүхэд шилжсэн. 2008 оноос хойш шалгагдсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн шүүх энэ оны нэгдүгээр сард хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.
Анхан шатны шүүх Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр тав, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн хорих ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэсэн. Мөн Э.Оюунсүрэнд зургаан жил хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас чөлөөлж, зээлдэгч Ж.Гантулгад хоёр жил нэг сар хорих ял оноосон билээ. Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан хохирлыг дээрх дөрвөн шүүгдэгчээс, хувьцаа эзэмшигч 1200 хүний хохирлыг төрөөс гаргуулахаар болсон юм. Анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцэж, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр, Э.Оюунсүрэн, Ж.Гантулга болон тэдний өмгөөлөгч нар гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн шүүхээс мөрдөн байцаалтын шатанд бүхий л нотлох баримтыг шалгаж, шинжилсэн гэж үзлээ.
Харин Ж.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, нэн даруй суллах шийдвэр гаргав. Бусад таван хүнд ногдуулсан ял тохирсон гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Анхан шатны шүүхээс, хувьцаа эзэмшигч 1248 хүнд хохирол учирсан явдалд төрийн байгууллагынхны ажлын уялдаа холбоо муу, гаргасан шийдвэр нь хоорондоо зөрчилтэй байдаг зэрэг нь нөлөөлсөн гэж үзсэн. Түүнийг нь Нийслэлийн прокурор эсэргүүцсэн бөгөөд давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн авч, хувьцаа эзэмшигчдийн хохирлыг Д.Энхтөр, Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр, Э.Оюунсүрэн нараас гаргуулахаар боллоо.
Г.ЦОЛМОН