Олон улс дамжуулан хар тамхи зөөвөрлөж байсан 15 хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд уржигдар хэлэлцлээ. Баянзүрх дүүргийн шүүхээс ял шийтгүүлсэн хүмүүс ял хүндэдсэн, үндэслэл муутай шийдвэрлэсэн хэмээн давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг хэлэлцсэн юм. Уг хэргийн гол зохион байгуулагч С.Наранбаатар анх Малайзад хар арьст залуутай танилцан “Брэндийн бараа” хэмээн ор хөнжлийн даавуу зөөвөрлөж эхэлсэн аж. Улмаар хадам ээж Р.Лена, эхнэр Э.Онон нартайгаа хамтарч ор хөнжлийн даавуу оруулж ирэх нэрийдлээр Малайзаас Сөүлээр дамжуулан удаа дараа их хэмжээний героин Монголд авчирч, өөр хүмүүсээр Бээжин рүү хүргүүлж байжээ. Тэдний төлөөлөл нь О.Навчаа, Б.Аззаяа, Ж.Наранмандах тэргүүтэй хүмүүс аж.
УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд энэ хэргийг илрүүлэх үед иргэн Ч.Эрдэнэбаатар, охин Э.Гоомаралын хамт дээрх замаар герион авчирч, түүнийг нь БНХАУ-ын иргэн Вонг Син Ян гэгч тосож авахаар Улаанбаатарт ирээд баригдсан юм. Анхан шатны шүүхээс С.Наранбаатарт 15 жил, О.Навчаа, Р.Лена, Э.Онон нарт тус бүр 10 жил зургаан сар Ж.Наранмандах, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал нарт 11 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин Вонг Син Ян, Б.Аззаяа нарын гэм буруутай нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Нийслэлийн шүүх бүтэн өдрийн турш уг хэргийг хэлэлцсэний эцэст анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, ял шийтгэл шүүгдэгчдийн үйлдэлд тохирсон гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Г.РАВЖАА