Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр энэ оны эхний улирлын эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УМБГ-ын дэд дарга, дэд хурандаа Д.Отгонжаргал олны анхаарал татсан зарим хэргийн талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр “Дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө угаасан МИАТ-ын удирд лагад холбогдох хэргийн мөрдөн байцаалт үндсэндээ дуусаж байна. Удахгүй Нийслэлийн прокурорын газарт шилжүүлнэ” гэлээ. Уг хэрэгт холбогдсон арван хүний гурав нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалж батлан даалтад гарсан бол үлдсэн хүмүүсийг цагдан хорьсон хэвээрээ гэнэ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн сэжигтэн, яллагдагч нараас 2.1 сая ам доллар, 13.9 тэрбум төгрөг хураан авч битүүмжлээд байгаа аж.
Багахангайн махны үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан П.Энхбатад холбогдох хэргийг шалгаж хараахан дуусаагүй гэнэ. Түүнийг Сонгинохайрхан дүүрэг дэх агуулахдаа хонь, үхрийн 232.6 тонн муудсан, чанаргүй мах авч хадгалан, улсад 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр буруутгаж буй аж. Авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хорих ангийнхан хордуулж амийг нь хөнөөх зорилгоор эм, тариа хийж байна гэх гомдлыг энэ оны нэгдүгээр сарын 3-нд ар гэрийнхэн болон намын нөхөд нь хэвлэлээр мэдээлсэн. УМБГ-аас уг асуудлыг шалгаад Н.Энхбаярын амийг хөнөөх, хордуулах зорилго агуулсан ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа нийслэлийн Прокурорын газарт гар гажээ.