Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны ажилтан, дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн сарын 15-нд хэлэлцэж, цагаатгасан. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр В.Нямхандад эх орноосоо урвах болон Тагнуулын байгууллагын хууль, дүрмийг зөрчиж, гадаадын иргэдтэй уулзаж байсан гэсэн үндэслэлээр 17 жил хорих ял оноох санал прокурор гаргаж байсан юм. Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч эсэргүүцсэн байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурор Е.Сагсайгаас тодрууллаа.
-2011 оноос хойш шалгуулж байсан Тагнуулын ерөнхий газрын ажилтан, дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг ХанУул дүүргийн шүүх цагаатгасан. Шүүхийн энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-В.Нямхандад холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст багагүй хугацаанд шалгасан. Мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон. Харин ХанУул дүүргийн шүүх үндэслэл муутай дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг цагаатгасныг улсын яллагчийн хувьд хүлээн зөвш өөрөхгүй.
-Давж заалдах шатанд Та эсэргүүцэл бичиж байгаа юу?
-Хан-Уул дүүргийн шүүхийн цагаатгах тогтоолыг энэ оны гуравдугаар сарын 25-нд хүлээн авч танилцаад хуульд заасан хугацаанд нь улсын яллагчийн эсэргүүцэл бичиж хүргүүлсэн. Уг хэргийг Нийслэлийн шүүхэд удахгүй хэлэлцэх байх. Улсын нууцтай холбоотой хэрэг учраас гэмт хэрэг үйлдсэн нь хэрхэн нотлогдсоныг ярих боломжгүй.