Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага мэдээллийн төвийн 124 дугаарын утсаар зам тээврийн осол хэргийн дуудлага хүлээн авахаа зогсоохоор болжээ. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, ахмад Ж.Баярсайханаас тодруулав.
-Танай газар Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 124 дугаарын утсаа ашиглахаа больж буй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-ЗЦГ-ын зам тээврийн осол, хэргийн мэдээлэл хүлээн авдаг 124 дугаарын утсаар дуудлага хүлээн авахаа больж байгаа. Энэ дугаарт дуудлага өгөхөд гаднаас төлбөртэйгөөр холбогддог. Тиймээс иргэдэд хүндрэл чирэгдэлгүй байх үүднээс ЦЕГ-ын Шуурхай удирдлага мэдээллийн төвийн 102 дугаарын утсаар зам тээврийн осол, хэргийн дуудлага хүлээн авахаар болсон. Шуурхай удирдлага мэдээллийн төвөөс ЗЦГ-т дуудлага мэдээллийг дамжуулж, хяналт тавьж ажиллах юм.
-Хэзээнээс эхэлж 102 дугаарын утсаар дуудлага хүлээн авах юм бэ?
-Энэ сарын 18-наас эхлэн 102 гэсэн тусгай дугаараар дуудлага, мэдээлэл хүлээн авна. Үүнтэй холбоотойгоор бүх техник, технологийн тохируулгыг хийж дууссан.
-Өчигдөр орсон цаснаас болоод зам тээврийн осол, хэрэг олноор гарсан уу?
-Уржигдар шөнөөс эхлэн цас их орсноос замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа ихэссэн. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол их гарлаа. Өчигдрийн хувьд ачаалал бусад өдрүүдээс хоёр дахин их байлаа. Ердийн өдрүүдэд 08.00- 12.30 цагийн хооронд манай 124 дугаарын утсанд 30-40 дуудлага ирдэг бол өчигдөр тухайн цагт 113 дуудлага ирсэн. Орон нутгийн зам, тэр дундаа Төв аймгийн Лүнгийн чиглэлийн замын цас дагтаршиж, гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа талаар ЗЦГ-ын Орон нутгийн хөдөлг өөний хяналтын хэлтсээс мэдээллээ. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд, хоорондын зайгаа зөв тохируулж явах хэрэгтэй байна. Жолооч нар маань ихэнх нь өвлийн дугуйгаа сольж, зуны дугуй тавьсантай холбоотойгоор халтирч осол гаргасан байна.
-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын уулзалт энэ сарын сүүлчээр манай оронд болно. Үүнтэй холбоотойгоор автомашины дугаарын тэгш, сондгой орноор хязгаарлана гэсэн мэдээлэл байгаа. Гурван өдөр болох эл уулзалтын үеэр хэрхэн зохицуулах юм бэ?
-Энэ уулзалтад оролцох албан ёсны төлөөлөгчдийн бүртгэл өнөөдөр дуусаж байгаа юм билээ. Хэчнээн улсын өндөр хэмжээний зочид, төлөөлөгч ирэх вэ гэдэг нь удахгүй тодорхой болох байх. Тиймээс дугаарын хязгаарлалт хэрхэн хийх талаар эцсийн шийдвэр гараагүй байна. Сар шинийн өмнөх долоо хоногуудынх шиг дугаарын сүүлчийн цифрийн тэгш, сондгой байдлаар хязгаарлах талаар ярьж байгаа ч захирамж гараагүй. Төв замуудыг хаах магадлалтай, бусад гудамж замд ачаалал ихсэх учраас ийм арга хэмжээ авах талаар ярьж байна.
Г.РАВЖАА