АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн энэ оны эхний улиралд зүүн, говийн болон баруун аймгуудад ажиллаад иржээ. Энэ үеэр, төрийн албан тушаалтнууд орон нутагт очиж ажиллахдаа албан байгууллагаасаа томилолт авч явдаг атал орон нутгийн захиргааны байгууллагынханд дарамт учруулж тэднээс хөрөнгө гаргуулдаг явдал их байгаа зөрчлийг илрүүлжээ. Тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийн бүртгүүлсэн байдалтай танилцаж буй юм байна. Тус хэлтсийн дарга Ж.Батсайхан “Хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгээ бүртгүүлэхээс татгалзсан хүмүүсийн дунд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жанг Жин гэж хүн бий. Түүнд энэ удаа сануулах арга хэмжээ авсан” гэлээ.
-УИХ-ын дэд дарга С.Баярцогт гадаадын банкин дахь хөрөнгөө мэдүүлээгүй явдлыг танайхан шалгах уу?
-Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн асуудлыг бид судалж байгаа. УИХ-ын гишүүний энэ үйлдэл нь хуулиараа УИХ-ын Ёс зүйн дэд хороонд харьяалалтай. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаад манайд шилжүүлбэл бид шалгана гэв.
Т.ДАШДЭЛЭГ НАРЫН ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ
ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгийг БНАСАУ-д онгоцны хөдөлгүүр худалдсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй гурван хүний багаг үй хэмжээний хөрөнгийг битүүмжилжээ. Энэ талаар Э.Амарбат “ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан Т.Дашдэлэг албан тушаалаа ашиглан БНАСАУ-ын холбогдох хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээ биелүүлээгүйн улмаас улсад 1.5 сая ам.долларын хохи рол учирсан гэсэн үндэслэлээр шалгаж байна. Уг хэрэгт “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров, иргэн Т.Нацагдорж нарыг холбогдуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад тэдний улсад учруулсан хохирлоос тодорхой хэсгийг барагдуулах хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн. Магадгүй тэд хохирлоо төлбөл шүүх ял шийтгэлийг хөнгөрүүлэх байх” гэсэн юм.
ZTE КОМПАНИЙНХАН 20 ТЭРБУМЫГ АВЛИГАД ЗАРЦУУЛСАН УУ
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, тус газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, ҮТЕГ-ын татварын улсын байцаагч О.Бямбасүрэн нарын хэд хэдэн хүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад, Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэр дээр байдаг дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орсон нь тогтоогдсон. Мөн Ч.Гансүхийн аав, 80 настай Чимидийн нэр дээрх төгрөгийн болон долларын дансаар 1.2 сая ам.доллар шилжүүлж байсан нь илэрсэн. Түүнчлэн АНУ-д сурдаг өөр нэг хүүгийнх нь нэр дээрх дансаар нэг сая доллар байнга эргэлтэд орж байсныг шалгаж байна гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат мэдээллээ. Мөн Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбатын дансанд өөрөө тайлбарлаж чадахгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй их хэмжээний мөнгө байршсан нь Ч.Гансүхтэй холбогдуулан шалгах үндэслэл болсон гэнэ.
Тэдэнд холбогдох хэргийг шалгах явцад БНХАУын хөрөнгө оруулалттай ZTE компани манай улсад төлөх ёстой их хэмжээний татвараас зайлсхий хэд тусалж байсан нь илэрсэн юм байна. Ч.Гансүх тус компанийн татвар төлөхөөс зайлсхийсэн асуудлыг шалгаж, улмаар хахууль авч, хэргийг нь нуун дарагдуулсан байж болзошгүй гэнэ. Олон улсын хэмжээнд тагнах, чагнах ажил хийсэн хэргээр дуулиан тариад буй БНХАУ-ын ZTE компани татвараас зайлсхийхийн тулд ойролцоогоор 20 тэр бум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг манай татварынханд зарцуулсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. Харин Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Бат баярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түдгэлзүүлээд байгаа гэнэ. Түүнд холбогдох өөр нэг хэргийг УМБГ-т шалгаж, нь хараахан шийдвэрлээгүй байгаа учраас уг хэргийг шийд вэрлэж дуустал түдгэлзүүлсэн аж.
ИНЕГ-ЫН УДИРДЛАГАД ХОЛБОГДОХ ХЭРЭГ УДАХГҮЙ НЭГ ТИЙШ БОЛНО
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх тэргүүтэй хэд хэдэн хүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж эхлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Энэ хэргийг ойрын хугацаанд нэг тийш болгоно гэдгээ АТГ-аас мэдээллээ. С.Батмөнх нар өөрийн байгууллагад харьяалалгүй олон хүнд 14 тэрбум төгрөгийн орон сууц, орон сууцны дэмжлэг үзүүлсэн, гадаад томилолтын зардлыг даасан зэрэг хэд хэдэн хууль бус үйлдэлд холбогдоод буй юм. Тэдний мөнгө санхүүтэй холбоотой хэргийг шалгаж буй бол Өмнөговь аймгийн нисэх буудлын хөөрөх, буух зурвас шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм байна.
SGS-ИЙН МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙГ УМБГ-Т ШАЛГАХААР БОЛЖЭЭ
АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нарт хахууль өгч тусгай зөвшөөрлөө сэргээлгэсэн, Монгол Улсад төлөх их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж байсан “Southgobi sands” компанийн удирд лагад холбогдох хэргийг УМБГ-т шилжүүлжээ. Тус компанийн удирдлагын хэргийг шалгах явцад манай 3-4 компанийн дансаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл илэрсэн учраас харьяаллын дагуу УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн гэнэ.
Б.ХУЯГ, Н.ЭНХТУЯА НАРТАЙ ХАМТ Т.БИЛЭГТИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХААР БОЛОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдсон Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполоор дахин эрэн сурвалжлуулахаар болжээ. Энэ тухай хүсэлтээ АТГ-аас Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад гаргасан аж. Түүний зэрэгцээ гадаадад эмчилгээ хийлгэх нэрээр яваад одоо болтол эх орондоо ирэхгүй байгаа НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг хамтад нь эрэн сурвалжлуулахаар болсон байна.
Г.РАВЖАА