Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын туслах прокурор эмэгтэй сураггүй болоод 2-3 хоножээ. Энэ хугацаанд ажил, гэртээ ирээгүй тул ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж, уржигдраас эрэн сурвалжлуулж эхэлсэн байна. Энэ тухай орон нутгийн эх сурвалж “Манай аймгийн туслах прокурор эмэгтэй сураггүй болоод хэд хонож байгаа юм билээ. Тиймээс цагдаагийнхан гудамжаар явсан автомашин болгоныг шалгаж байгаа. Яг хэн гэдэг прокурор сураггүй болсныг хэлээгүй” гэлээ.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эх сурвалжаас энэ талаар өчиг дөр лавлахад “Туслах прокуророор ажиллаж байсан 30 гаруй насны эмэгтэй сураггүй болсон гэх мэдээллийн дагуу бид эрэн сурвалжилж, цогцсыг нь оллоо. Тэрбээр “Хороолол” гэж нэрлэдэг гэр хорооллын суурингаас Сэлэнгэ аймгийн төв орох замд голын эрэг орчмоос олсон. Гаднын ямар нэг нөлөө бий эсэхийг тогтоохоор ажиллаж байна” гэв.
Уг мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн прокурор Г.Чагдартай холбогдон тодруулахад “Энэ асуудлыг одоо шалгаж байна” гэлээ. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баатаржаваас энэ талаар лавлахад “Олон хоног эрэн сурвалжилсан гэдэг нь ташаа. Тэр хүн нас барсан байсан нь үнэн. Гэхдээ гаднын нөлөөгүй” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Г.РАВЖАА