АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой нарын гурван хүнийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр хэргийг нь шийдвэрлэв. Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнэ “Хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө” хэмээн бусдаас авлига авсан юм. Шүүх түүний гэм буруутайг тогтоож, хорих ял ногдуулсан бөгөөд Ш.Болд-Эрдэнэ суллагдмагцаа хэргийг нь шалгасан байцаагчаа гүтгэсэн гэдэг.
Тэрбээр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гаргасан гомдолдоо мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, нотлох баримт цуглуулах ажиллагаанд оролцсон ЭЦГ-ын ажилтан, дэд хурандаа Г.Ганболд, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Н.Өлзийсайхан нар хүн хууль бусаар баривчилсан, эрүү шүүлт тулгасан, хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн хэмээжээ. 2009 онд Ш.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг шалгаж байх үед тэрбээр мөн л ийм байдлаар өргөдөл гаргаж байсан бөгөөд шүүх түүнийг хүн гүтгэснийг тогтоосон юм. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчид дээрх гурван хүний гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.