Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад магистрантур, докторантурт төрийн сангийн тэтгэлгээр суралцуулна хэмээн иргэдийг залилсан Д.Амгаланбаатарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх шийдвэрлэжээ. Тэрбээр АНУ, Англи, БНСУ, Японд иргэдийг 100 хувийн тэтгэлгээр суралцуулах зар тарааж, иргэдээс 10-20 мянган ам.доллар авч байж. Итгүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын гарын үсгийг дуурайлган зурсан “Төрийн сангийн тэтгэлэгт хамрагдахыг зөвшөөрөв” гэсэн бичиг бүхий хуурамч баримт үзүүлж байсан гэнэ.
Д.Амгаланбаатар ийм аргаар 43 хүнд 450 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр нотлох баримтыг судлахад, сайд асан Ё.Отгонбаярын гарын үсгийг дуурайлган зурсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон аж. Түүнд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэнгэлмаа 12 жил, зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх санал гаргасан байна. Харин шүүх бүрэлдэхүүн чанга дэглэмтэй ангид 11 жил хорих ял оноохоор шийдвэрлэжээ.
Г.ОРЧЛОН