“Эрхүүгийн амралтын төв”-д монгол бүсгүйчүүдийг нууцаар биеийг нь үнэлүүлж байсан хэргийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цагдаагийнхан илрүүлэв.
Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, Кино үйлдвэрийн эсрэг талд байрлах ОХУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Орос байшин” ХХК-ийн харьяа тус төвд “Жуулчдад зориулсан тусгай үйлчилгээ” нэрээр монгол охидыг гадаадын иргэдэд санал болгож, биеийг нь үнэлүүлж байжээ.
Оросууд гадаадын иргэдэд 30 орчим монгол бүсгүйн биеийг удаа дараа үнэлүүлж байсан нь Эрүүгийн цагдаагийн газрынхны шалгалтаар тогтоогдоод буй гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр цагдаагийнхан тус төвд шалгалтаар очиход, Японоос ирсэн жуулчин гэсэн арваад хүнд тусгай үйлчилгээ үзүүлж байгаад үйлдэл дээрээ баригдсан аж.
УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс ОХУ-ын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. “Эрхүүгийн амралтын төв” нэртэй саун, иллэгийн газрын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.
Г.РАВЖАА