Дайны эрсдэлийн даатгал нэрээр их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдан хоригдож буй 10 хүний зарим нь батлан даалтад гарах хүсэлт гаргасан ч цагдаа, прокурор, шүүхийнхэн зөвшөөрөөгүй. Тухайлбал, Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол түүнийг батлан даалтад гаргах хүсэлт тавьсныг хууль хяналтын байгууллагынхан хүлээн авахаас татгалзаж, хорих хугацааг нь сунгасан юм.
Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр энэ хэргийн гол зохион байгуулагчдын нэг, МИАТ-ын дэд захирал асан, “Монголиан эйрлайнз” группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэн батлан даалтад гарах хүсэлт тавьсан гэнэ. Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа хорих ангид цагдан хоригдож буй түүний бие муудаж, архаг өвчин нь сэдэрсэн гэсэн үндэслэлээр батлан даалтад гарч эмчлүүлэх, эсвэл Цагдан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэх хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргасан гэнэ.
Сүхбаатар дүүргийн шүүхээр энэ асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулсан байна. Ч.Хоролсүрэнгийн хууч өвчин нь сэдэрсэн гэсэн оношийг цагдан хорьж буй хорих ангийнх нь эмч тавьсан аж.
Г.РАВЖАА