ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд хоригдож байхдаа түлэгдсэн “Дижитал” хамтлагийн ахлагч Баавартай холбоотой хэвлэлийн хоёр ч хурал өчигдөр боллоо. ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа П.Хосбаяр хэвлэлийн бага хурал хийж, алба хаагчдадаа хариуцлага хүлээлгэсэн талаар мэдээлэв. Тэрбээр “Гал юунаас болж гарсан, хэрхэн унтраасан талаар өнөөдөр ярихгүй. Энэ хэргийн бодит үнэнийг тогтоох, эцсийн дүгнэлт гаргахаар хуулийн байгууллагынхан ажиллаж байна. Гэхдээ ШШГЕГ-ын зүгээс хоригдогчдын аюулгүй байдлын баталгааг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс Ажлын хэсэг байгуулан албаны шалгалт хийж, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Цагдан хорих байр болон алба хаагч, хоригдогчдын аюулгүй байдал, хуулиар хязгаарлагдаагүй хүний эрх, эрх чөлөөг хангах, алба хаагчдын ажлын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх талаар ШШГЕГ-ын даргын удаа дараа өгсөн албан даалгавар, үүрэг чиглэлийг Цагдан хорих 461 дүгээр ангийн зарим алба хаагч биелүүлээгүйгээс дээрх байдалд хүрсэн гэж дүгнэлээ.
Алба хаагч, хоригдогчдын аюулгүй байдлыг хангахуйц хэмжээний орчин нөхцөл, хяналт тавих техник хэрэгслийг бүрдүүлсэн байхад ажил үүргийн хуваарь, ажлын байрны шаардлагаа биелүүлээгүй, хайхрамжгүй хандсан нь тогтоогдсон. Тиймээс ШШГЕГ-ын даргын зөвлөлийн энэ сарын 27-ны ээлжит бус хуралдаанаар албаны шалгалтын дүнг хэлэлцэн тухайн өдрүүдэд сургалтад сууж байсан хэдий ч нөхцөл байдалтай танилцан хяналт тавиагүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан тус ангийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэлийн үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувь бууруулах, ээлжийн бие бүрэлдэхүүний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, болж буй хэрэг, учралд зөв дүгнэлт хийгээгүй, аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангаагүй, дэд дарга, хошууч Д.Өлзийбат, ахлах төлөөлөгч, ахмад Э.Тамир нарыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. Мөн хоригдогчийг дур мэдэн өөр өрөөнд шилжүүлсэн, хоригдогчид тусгай хэрэгсэл хэрэглэх болсон тухай тэмдэглэл хөтөлж, баталгаажуулах үүргээ биелүүлээгүй, улмаар үүссэн нөхцөл байдлын талаар ангийн удирдлагадаа танилцуулаагүй ээлжийн дарга, ахмад Х.Жигдэндан, дэслэгч Б.Бямбадорж, тусгаарлах тасалгаа, хоригдогчийн бие, эд зүйлд үзлэг, нэгжлэгийг дутуу хийж, хариуцлагагүй хандсан хянагч, ахлах ахлагч Д.Батболд, теле хяналтын камерын дүрс бичлэгийн техник хэрэгсэл бүрэн ажиллаж байгаа эсэхийг нягталж шалгаагүй, ажлын байрны шаардлагыг бүрэн дүүрэн хангаагүй, албан үүрэгтээ хайнга хандсан холбоочин оператор, ахлагч Б.Цэнд-Аюуш, дэд ахлагч Х.Охиноо нарыг албан тушаалаас нь халах шийтгэл ногдуулаад байна” гэлээ.Цагдан хорих төвийн хяналтын камерын бичлэгийг сараас дээш хугацаанд хадгалах боломжтой төдийгүй хяналт тавьж буй хүн нь бичлэгийг сайн дураар зогсоож болдог байсан гэнэ. Энэ хурлаас, камерын бичлэгийг хэн нэгэн хүн дураараа зогсоохгүй болгохоор шийдвэрлэжээ.
Түүний дараа “Үндэсний мэдээллийн төв”-д дуучин Т.Ариунаа, Бажи, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, реппер Gee, “Дижитал” хамтлагийн гишүүд “Бид хэн гал тавьсан, үүнд хэн буруутай талаар ярихгүй. Хуулийн байгуулага буруутай этгээдүүдийг тогтооно гэдэгт итгэлтэй байна. Харин Монголын ард түмэнд хандаж хэлэхэд, дуучин Баавар бол хийсэн бүтээсэн зүйлтэй хүн тул түүнийг хайрлаж, өрөвдөх хэрэгтэй” гэсэн юм. Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Оюуны өмчийн хулгайтай хамгийн ихээр тэмцдэг, шударга үнэний төлөө явдаг уран бүтээлч бол Баавар. Урлагийн хүнд дуу хоолойноос гадна гоо үзэмж, нүүр царай чухал. Тиймээс Бааварт бүгдээрээ сэтгэлийн дэм хайрлаж амьдрах, тайзнаа дахин гарах итгэл хайрлая” гэлээ.
Г.ЦОЛМОН