Дунд сургуулийн сурагчид амиа хорлосон тохиолдол Дундговь аймгийн төвд нэг бус удаа гарчээ. Ахлах ангийн сурагч хүү өөрийгөө егүүтгэсний дараа аравдугаар ангийн сурагч охин дотуур байрандаа мөн л өөрийгөө боомилж амиа хорлосон аж. Харин саяхан гуравдугаар ангийн сурагч тэднийг дуурайв. Наймхан настай тэр хүү энэ сарын 26-нд ийм болчимгүй алхам хийсэн байна. Тэрбээр аав, ээж, дүүтэйгээ амьдардаг байж.
Хэрэг гарсан өдөр хүү өвөөгийндөө гэрийн даалгавраа хийж байгаад гарч явсан гэнэ. Гэрийн гаднах телевизийн антенаас боомилсон ачийгаа эмээ нь гучаад минутын дараа харжээ. Тус аймагт сургуулийн сурагчид ар араасаа амиа хорлож буйн шалтгааныг Дундговийн Цагдаагийн хэлтсийн дэд даргаас тодруулах гэсэн ч хариулт өгөхөөс татгалзлаа. Ахлах ангийн сурагч амиа хорлоход сургуулийн захирлыг нь ажлаас халаад өнгөрсөн гэнэ. Үүнээс өөрөөр хүүхдүүдийг ийм алхам хийж буйн учрыг олоогүй, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахгүй байгаад нутгийн иргэд дургүйцэж байв.
Х.АНУ