Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, шинээр боловсруулсан 11 төслийг хаврын чуулганд өргөн барихаа сайд Х.Тэмүүжин мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгон нэрийг нь өөрчилж байгаа аж. Уг хуулиар гэмт хэргийн үйл явцтай холбоотой хэсгийг түлхүү зохицуулах гэнэ. Гэмт хэргийн тухай хуулийн төслийг өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Гэмт хэрэгт холбогдогчдын нас залуужиж буй учир хариуцлага хүлээх чадвартай насны доод босгыг 16-гаас 14 болгон бууруулахаар төсөлд тусгасан байна. Интернэт ертөнцтэй холбоотой цахим гэмт хэрэгт ийм насны хүүхдүүд холбогдох нь ихэссэн учир босгыг багасгах шаардлагатай болжээ. Олон улсад энэ босгыг 12 насаар тогтоосон байдаг гэнэ.
Мөн хэрэв тухайн этгээд гэм буруугаа өөрөө хүлээсэн бол оноох ялыг хөнгөвчлөх зохицуулалтууд оруулсан байна. Гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оноох ялын хэмжээг ч цаг үе, олон улсын стандартад нийцүүлж буй гэнэ. Тухайлбал, эрх чөлөөг хязгаарлах, гэрийн хорионд оруулах арга хэмжээ нэмэгдсэн байна. Нэг хотоос гарах эрхийг хязгаарлах, цахим гэмт хэрэг үйлдсэн хүнийг интернэт орчинд нэвтрэхийг хориглох гэх мэтээр арга хэмжээ авах нь. Гэрийн хорионы тухайд 1-5 жил хүртэлх хугацаатай. Гэхдээ тэр хүн гэрийн хорионд байгаа эсэхийг хянах техник, хэрэгсэл, түүнийг авах санхүүгийн боломж байгаа эсэхэд оролцогчид эргэлзэв. Энэ талаар ХЗЯ-ныхан “Санхүүдээ баригдаж алгуурлах биш, шаардлагад нийцүүлэх ёстой учраас ийм зохицуулалт оруулсан” гэсэн хариулт өглөө. Мөн ялын байдал гэсэн ойлголтыг халжээ. Тухайн хүн хийсэн хэргийнхээ төлөө ял биеэр эдэлж, хариуцлагаа үүрсэн атал насан туршид нь хар толбо болон дагадаг. Мөн дахин гэмт хэрэг хийсэн бол ял оноохдоо өмнөх хэргийг харгалзаж хугацааг нь нэмдэг зэргийг болиулж байгаа гэнэ.
Түүнчлэн захиргааны хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдогийг цуцалжээ. Үүний учрыг лавлахад “Төгрөгийн ханш тогтворгүй байх үед хамгийн бодит гэж үзсэн хэмжүүр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байсан. Цаашдаа хөдөлмөрийн хөлсийг цагаар нь тооцдог болох магадлалтай. Ийм үед уг хэмжүүр өрөөсгөл болно. Тиймээс бид тооцооны нэгж буюу тухайн үеийн валютын ханшаар тооцож торгууль тавих, эсвэл шууд мөнгөн дүн заах хоёр хувилбарыг ярьж байгаа” гэлээ. Мөн ял оноохдоо харгалзаж үзэх, хөнгөлөх нөхцөлүүдийг нэмжээ.
Хэрэв өөрийг нь байнга дарамталдаг, хэрцгий, зүй бусаар харилцдаг этгээдийг аргагүйдэж хөнөөсөн бол 2-8 жил, тухайн үед хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэнэтийн цочролд орсондоо хүн алсан бол 1-5 жил эрхийг нь хязгаарлах буюу хорих ял оноохоор тусгажээ. Албадлагын нөхцөл буюу барьцаанд орсон, хүчинд автсан үедээ хэрэг хийсэн бол ялаас чөлөөлөх юм байна. Энэ мэтээр хүний эрхийг олон талаас нь харгалзсан, уян хатан зохицуулалт хийх гэж оролдсоноо яамныхан ярьж байлаа.
С.УУЛ