Чингэлтэй дүүргийн нутаг, Дэнжийн 1000-ын гудамжинд байдаг агуулахаас уржигдар шөнө нэлээд хэдэн машинд самар ачиж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай үйлдвэр рүү авч явсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хууль хяналтын байгууллагынхан жил гаруйн өмнө уг их хэмжээний самрыг хятадууд болон самар бэлтгэн нийлүүлэгчдээс хураан авсан. Хятадуудад өгөхгүй хэмээн хураан авчихаад жилийн дараа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай үйлдвэрт өгч байгааг самар бэлтгэгчид эсэргүүцэж байгаа гэнэ. Уг самрыг ачих үед Мэргэжлийн хяналтын нэгэн байцаагч эмэгтэй байлцсан бололтой. Мэргэжлийн хяналтын байгууллагынхнаас энэ талаар лавлахад тодорхой мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эх сурвалж “Тухайн үед У.Раднаабазар тэргүүтэй цагдаагийн ажилтнуудын холбогдсон самрын хэрэгт эд мөрийн баримтаар хураасан самрыг хадгалах байр байхгүйн улмаас бид мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн. Түүнийг нь дуудлагаар худалдаж, төлбөрийг нь улсын орлого болгодог журмын дагуу худалдсан. Худалдаж авсан байгууллага нь авахаар ачсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн” гэлээ.
Дашрамд дурдахад, У.Раднаабазар тэргүүтэй тухайн үеийн Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд хятадуудаас самар хилээр гаргахын тулд 40 сая төгрөгийн хахууль авсан хэргийг Баянгол дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин улсын яллагч “Хахууль өгч, авсан нь хангалттай тогтоогдсон, өөрсдөө ч түүнийгээ хүлээсэн байхад нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй” хэмээн Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичээд байгаа гэнэ.
Г.РАВЖАА