ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь хорих 457 дугаар ангиас гурван хоригдол энэ сарын 18-нд оргосон. Тэд хорих ангийн нам даралтын зуухыг сүүлийн хоёр жил галлаж буй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, итгэл даасан, засрах боломжтой гэж үзсэн хоригдлууд гэнэ. Чухам яаж оргосон нь тодорхойгүй байгаа бөгөөд оргосныг нь оройн тооллогын үеэр мэджээ. Хоригдлуудын хоёр нь Говь-Алтай, нэг нь Увс аймгийн харьяат, хулгай, хүчингийн хэргээр таван жил авсан хүмүүс юм байна.
Одоогоор орон нутгийн хэмжээнд эрэн сурвалжилж байгаа аж. “Хоригдлуудыг цахилгаан тасрах үеэр оргосон гэдэг нь худлаа мэдээлэл. Хуулийнхаа дагуу удахгүй орон даяар эрэн сурвалжилна. Хоригдлуудыг барьсны дараа буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх байх” хэмээн эх сурвалж ярив. Дугаар шилжих мөчид ирсэн мэдээллээр оргодлуудын байгаа газрыг тогтоосон гэнэ.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ