Шүүхийг үл хүндэтгэсэн, шүүх хурал товлосон хугацаанд ирээгүй гэсэн үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар хорих байранд байхдаа түлэгдэж, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа.
Түүний ийнхүү хүнд гэмтсэн шалтгааныг ар гэрийнхэн нь “Санаатай үйлдэл, амь авраач гэж тусламж хүсэн дуудаад байхад 15 минутын дараа л хүн очсон. Ямар нэгэн гаднын нөлөөтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан арьсаа хамгаалах гэж огт өөр зүйл ярьж байна” хэмээж байгаа юм.
Бааварт холбогдох хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч борлуулсан, хилээр оруулсан, насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч тодорхой хугацаагаар хойшлоод байсан юм. Уг хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан билээ.
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дэд дарга, хошууч Д.Өлзийбатаас болсон үйл явдлыг тодрууллаа.
-Танай Цагдан хорих төвд юунаас болж гал гарч, хоригдогч Ш.Батбаяр түлэгдсэн юм бэ. Тэрбээр гэнэт цахилгааны утаснаас гал гарсан гэж тайлбарлаж байгаа шүү дээ?
-Хоригдогч Ш.Батбаярыг өөртөө болон бусдын биед халдаж, гэмтэл учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр манай ажилтнууд сахилгын тусгаарлах байранд оруулсан юм. Галын шалтгааныг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагын ажилтнууд ч шалгаж байна. Бид ч албаны шалгалт хийж байгаа. Цахилгааны богино холболтынх биш гэж мэргэжлийн байгууллагынхан урьдчилсан байдлаар дүгнэсэн.
-Тэгвэл юунаас болсон байж таарах вэ. Тамхины асаагуур энэ тэр авч орсон юм уу. Уг нь танайхан шалгаж оруулдаг биз дээ?
-Бид түүнд үзлэг нэгжлэг хийж, зохих журмын дагуу хүлээн авч оруулсан. Гэхдээ нууцалж авч орсон зүйл байхыг үгүйсгэхгүй.
-Яагаад тусгаарлах байранд ганцааранг нь оруулах болсон юм бэ?
-Тэрбээр хоригдсон цагаасаа л сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хамт хоригдож буй хүмүүстэйгээ маргалдаж, зодоон цохион хийх гэж оролдсон юм. Хамт хоригдож байсан хүмүүсээ “Би энд ганцаараа байх ёстой. Эндээс гарцгаа” хэмээн цохиж авсан. Хамт хоригдож байсан хүмүүс нь “Адилхан эрх эдэлж байж хэн хэндээ дээрэлхээд яах вэ” гэтэл Ш.Батбаяр цохиод авсан юм билээ. Тиймээс зохих журмын дагуу гарыг нь гавлан тусгаарлах өрөөнд оруулсан.
-Гал гарснаас хойш 15 минутын дараа танай ажилтнууд очиж галаас гаргасан гэж ах нь ярьж байгаа. Галын дохиололтой биз дээ?
-Түүний ярьж байгаачлан 10-15 минут болсон бол тэр хүний амь нас хохирох байсан гэж бодож байна. Галын дохиолол дуугарсан даруйд манай ажилтнууд очиж, амь насыг нь аварсан. Гал зөвхөн түүний байсан тусгаарлах өрөөнд гарсан байгаа шүү дээ. Бусад хоригдогчдын аюулгүй байдалд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Ер нь мансууруулах бодис хэрэглэдэг хүний сэтгэл санаа тогтворгүй, ааш авир нь эвдэрсэн байдаг. Хэрэг нь шийдэгдээгүй, шүүх хурал нь болоогүй байхад ийм зүйл болсон нь харамсалтай гэв.
Г.ОРЧЛОН