Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчид Африкийн орнуудад НҮБ-ын далбаан дор энхийг сахиулах үйлсэд зүтгэж байгаа. Хэдийгээр сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаагчдыг сонгон шалгаруулж, илгээж буй ч 850 хүнтэй батальон илгээх болоход орон тоо хүрэлцэхгүй, бэлтгэлд гарсан хү мүүс нь замаасаа шантрах тохиолдол байдаг тул Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхнаас нөхдөг гэх албан бус мэдээлэл байдаг юм билээ.
Энхийг сахиулагчид, тэр дундаа Африкийн орнуудад үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн алба хаагчдын биеийн байдал сул дорой болдог, зарим нь эх орондоо ирсэн хойноо өвдөхөөрөө нэлээд хүндээр тусдаг гэдэг. Албан бус мэдээллээр, Африкийн орнуудад үүрэг гүйцэтгээд ирсэн 10 гаруй энхийг сахиулагч нутагтаа ирсэн хойноо нас барсан гэх юм билээ.
Монгол хүний бие махбодь халуун орны нөхцөлд тохирохгүй, цэргүүдэд өгч буй эм нь сөрөг нөлөөтэй байдгаас цаг бусаар хорвоог орхисон хүн байхыг үгүйсгэхгүй. Уг нь хуучнаар Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн удирдлага нь ажлаа олигтойхон хийдэг бол үүрэг гүйцэтгээд ирсэн цэргүүдийн өвчлөлийн байдалд судалгаа дүгнэлт хийж, цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж гаргаж болмоор юм хэмээн эх сурвалж мэдээллээ. Юутай ч энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан манай хоёр энхийг сахиулагч Судан улсад үүрэг гүйцэтгэх явцдаа тухайн бүс нутагт элбэг тохиолддог хумхаа буюу маляр өвчин туссан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг Суданд энхийг сахиулагчдаа эргэж очихын өмнөхөн ийм асуудал болсон аж. Гэвч түүнийг тус улсыг зорихоос 2-3 хоногийн өмнө уг хоёр цэргийг тусгай онгоцоор эх оронд нь авчирч, Батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт тусгай өрөөнд хэвтүүлсэн гэнэ. Тухайн үед хоёр энхийг сахиулагчийн биеийн байдал нэлээд хүнд, гэр орныхоо хүмүүсийг танихгүй байсан гэдгийг тус эмнэлэгт ажилладаг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тус эмнэлэгт ажилладаг эх сурвалж “Саяхан болтол Эрчимт эмчилгээний тасагт Э гэх энхийг сахиулагч хэвтэж эмчлүүлж, бие нь сайжирч сүүлдээ хүнээр түшүүлж, явдаг болж байгаад тус тасгаас гарсан. Одоо энгийн тасагт шилжүүлсэн” гэлээ.
Харин өөр нэг эх сурвалж “Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагч, ахлагч Б болон өөр нэг алба хаагчийн хамт энэ оны хоёрдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийг Судан руу явахын өмнөхөн яаралтай авчирч эмчилж эхэлсэн. Тэгээд сар гаруйн дараа саяхан эмнэлгээс гаргасан байна. Уг цэргийн алба хаагч нь хумхаа өвчний эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ сэтгэцийн эмчийн хяналтад байсан. Магадгүй хумхаа өвчний нян тархи нугасанд нь нөлөө үзүүлсэн байх” гэв. Суданд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн I ээлжийн энхийг сахиулагчдын дунд өөр бас бус халдварт өвчлөл байсан бөгөөд хил хамгаалах байгууллагаас явсан энхийг сахиулагчдаас хугацаанаасаа өмнө өвчнөөр ирсэн гэх мэдээлэл ч байна. Батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хурандаа С.Батболдоос уг хоёр цэргийн талаар тодруулахыг хүсэхэд “Чи хаанаас ийм мэдээлэл сонссон юм бэ. Эх сурвалжаа дагуулж ирээд надтай уулзуул. Тийм зүйл болоог үй” хэмээв.
“ЗХЖШ-аас энэ талаар лавлаад танаас баттай мэдээлэл сонсохоор ирлээ” хэмээн учирлахад “Онгоцноос буунгуут нь тусгаарлаж, эмчилгээ хийсэн” хэмээн уцаарлангуй хариуллаа. Түүнтэй уулзахаас өмнө ЗХЖШын Ар тал, хангалтын газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Р.Даваадоржтой уулзаж болсон асуудлын талаар тодруулсан юм. Тэрбээр “Хоёр цэргийн алба хаагч маляр өвчин тусаж ирсэн нь үнэн. Тэдэнд зохих эмчилгээг хийж биеийн байдал нь сайжирсан байгаа. Гэхдээ эцэг эхээ танихаа больтлоо сэтгэл санаа нь өөрчлөгдсөн зүйл байхгүй. Биеийн байдал нь сайжирч, удахгүй Бага Баянд байгуулагдсан Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх сувилалд амрах гэж байгаа. Ер нь маляр буюу хумхаа өвчин нь эдгэрдэггүй аймшигтай өвчин биш. Тухайн хүний аминдаа арчаатай байх, ариун цэвэрч байхаас ихээхэн шалтгаалдаг. Хумхаагийн шумуулын эр нь өдөр нисэж, хүмүүсийг хазаж байдаг. Түүнээс энэ өвчин халддаггүй. Харин шөнө эмэгчин нь намаг шалбааг дундаас гарч нисэн, хүмүүсийг хазаж, нян бүхий өндгөө цусанд нь шахдаг. Ингээд өвчин дамжуулдаг юм. Хумхаа өвчин үүсгэгч дөрвөн төрлийн нян байдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд тогтоосон.
Африкт хамгийн хүнд хэлбэрээр өвчин тараадаг хумхаагийн шумуул байдаг. Түүнийх нь эсрэг тохирох эм бэлдмэлийг ДЭМБ-ынхан тогтоож, тухайн бүс нутагт энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчид төдийгүй, жирийн иргэдэд уулгадаг. Уг эмийг даваа гаригийн 12 цагт уусан бол дараачийнхийг нь мөн хугацаандаа л уух ёстой. Манайхан төдийгүй, энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй гадаадын 20 мянган цэргийн алба хаагчдын дунд уг эмийн талаар “Үргүй болгодог, элгэнд муу” гэх мэт цуурхал байдаг юм. Түүнийг нь манайхан сонсоод уудаггүй. Уг нь түүнийгээ ууж байвал халдвар авсан ч гайгүй эдгэрдэг. Уг эмийн найрлага дахь бодис нь ходоодоор дамжин цусаар шимэгдэн элгэнд хамгаалалт маягаар долоо хоногийн хугацаатай тогтдог юм. Долоо хоногийн дараа биеэс гадагшилдаг. Ийм үйлчилгээтэй эм байтал эсрэгээр ярьж, уудаггүй нь харамсалтай.
Манай энхийг сахиулагчдын дунд ийм ойлголттой, эмээ уудаггүй хүмүүс байгаад өвчин туссан тохиолдол бий. Зөвхөн хумхаа ч бус бохир гараар дамждаг А хэлбэрийн шар гэх зэрэг өвчин гарах гээд байдаг. Тиймээс бид цэргийн алба хаагчдаа бохир гарын өвчнөөс урьдчилан сэргийлж, гар ариутгагч “Санитол” зэрэг уусмалыг байнга хэрэглэж байхыг захиж явуулж байгаа. Сая Суданыг зорьсон II ээлжийн цэргийн багийнханд энэ бүгдийг сайтар захисан. Суданд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийнхныг онгоцноос буунгуут цуснаас нь шинжилгээ авч янз бүрийн халдварт өвчин туссан эсэхийг бид нягтлуулдаг. Бусад энхийг сахиулагчдаас ямар нэгэн халдварт өвчин илрээгүй. Ер нь тэгээд ч хумхаа өвчний нян манай орон шиг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд идэвхжих боломжгүй” гэлээ.