Зүүн өмнөд Азийн хар тамхи, мансууруулах бодисын “Алтан гурвалжин” хэмээх хууль бус сүлжээнд элсэж нутаг нэгтнүүдээ золиосолдог Баянжаргалын Хулан, Халиун хэмээх эгч, дүү хоёрын талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэд төрсөн эхийгээ хүртэл гэмт хэрэгт уруу татан, хэрэгтний ширээнд суулгаад байгаа. Тэрбээр ээжээсээ гадна төрсөн дүүгээ, эхнэртэй нь харийн шоронд хатаачихаад буй.
Бидний авсан мэдээллээр тэдний дүү Б.Э гэх залуу хар тамхи зөөвөрлөсөн хэргээр Казахстаны шоронд 20 орчим жил хорих ялаар шийтгүүлээд байгаа аж. Түүний эхнэрийг Г.О гэдэг бөгөөд мөн нэлээд удаан хугацаагаар хорих ялаар шийтгүүлээд байгаа гэнэ. Саяхан тэрбээр Казахстаны хууль хяналтын байгууллагад эх орондоо очиж ял эдлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүнийг нь тус улсын хууль хяналтын байгууллага судалж байгаа юм байна.
Мөн манай талд ч боломж нөхцөл юу байгааг судлах хүсэлт тавьжээ. Тиймээс УЕПГ-аас түүнийг эх оронд нь авчирч ял эдлүүлэх асуудлыг судалж байгаа гэнэ. Хэдийгээр манайх Казахстантай ялтан солилцох гэрээ байхгүй ч Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын тус улсад хийсэн айлчлалын үеэр тодорхой тохиолдолд ялтан шилжүүлэх ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон юм.
Г.РАВЖАА