Долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүний амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт Эргүүл хамгаалалтын газрын хэд хэдэн ажилтныг сэжиглэн шалгаж байсан. Удирдлагад нь холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж хорих ял ногдуулсан ч чухам хэн, ямар буугаар хэдэн хүн буудав гэдгийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан өнөөг хүртэл тогтоож чадаагүй, хэргийг түдгэлзүүлээд байгаа билээ.
Энэ хэрэгт сэжигтнээр татсан цагдаагийн 10 гаруй алба хаагчийг уржигдар тус албанаас дахин шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар цагдаагийн байгууллагын нэгэн ажилтан “Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой, дөрвөн хүнийг буудаж егүүтгэсэн хэрэгт холбогдсон манай ажилтнуудын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн нь үнэн. Тэднээс байцаалт дахин авсан. Магадгүй сонгуулийн шоу болгож ашиглах гэж байж болзошгүй. Хэрэгт сэжиглэж байгаа цагдаа нарыг “Та нар хэргээ хүлээ, дарга нар чинь хэргээ хүлээгээд ял шийтгүүлсэн гэж хэлсэн сурагтай” гэв.
Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эх сурвалж “Энэ хэргийг сэргээн шалгаж, нэмэлт ажиллагаа хийсэн зүйл байхгүй. Цагдаагийнхны хардаж байгаа нь ч үндэслэлгүй. Сэжигтнээр шалгуулж байгаа 10 гаруй хүнийг дуудаж уулзсан нь үнэн. Өөр ямар ч ажиллагаа хийгээгүй” гэсэн юм.
Г.Цолмон