Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр хэлэлцлээ. Б.Анхбаяр 2010 оны арванхоёрдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн нийтийн байранд иргэн Н-ийг хэрцгийгээр хөнөөсөн аж. Улмаар гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийн цогцсыг өрөөний шалан доор газарт булж нуусан байжээ. Түүнийг гэмт хэрэгт холбогдолгүй болгох зорилгоор хадам талын садан болох Г.Нэргүй, Д.Сүх, Б.Ууганбаяр нар шүүх хурлын үеэр худал мэдүүлэг өгсөн гэнэ.
Баянзүрх дүүргийн шүүх энэ хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд хэлэлцээд Б.Анхбаярт 20 жил хорих ял чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Санаатайгаар худал мэдүүлэг өгсөн Г.Нэргүй, Д.Сүх, Б.Ууганбаяр нарт хоёр жил нэг сар хорих ял ногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ. Харин Нийслэлийн шүүх Б.Анхбаярын ялыг 12 жил болгон хөнгөрүүлсэн аж. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаас Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв. Ингэснээр Б.Анхбаяр 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болж байгаа юм.
Мөн хурлаас өмгөөлөгч Б.Батхуягийг энэ хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байхдаа ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандахаар болжээ. Дээрх хүмүүсээр худал мэдүүлэг өгүүлэх ажлыг өмгөөлөгч Б.Батхуяг зохион байгуулсан байж болзошгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бололтой.
Г.РАВЖАА