Чингэлтэй дүүргийн XVIII хорооны нутаг, Хайлаастын гудамжинд амьдардаг нэг гэрийнхнийг гэртэй нь галдсан аймшигт хэрэг уржигдар 04.00 цагийн үед гарлаа. Тухайн үед 20-50 насны зургаан хүн гэртээ амарч байсан бөгөөд шөнө нь эхнэртэйгээ муудалцсан том хүргэн Н энэ хэргийг үйлдсэн байна.
Бид ГССҮТ-ийн Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа гэрийн эзэнтэй уулзсан юм. Тэрбээр “Би арай гайгүй түлэгдсэн юм шиг байна. Эхнэр хүүхдүүдийн минь бие тун муу байгаа гэж эмч нараас сонссон” хэмээн үгээ зөөж ядан ярьж байв.
-Хүргэн чинь согтуу байсан юм уу?
-Манай том хүргэн 03.30 цагийн үед ирээд эхнэртэйгээ маргалдаад байсан. Эрүүл согтууг нь мэдээгүй. Би дөрвөн хүүхэд, эхнэрийнхээ хамт гэртээ амарч байсан юм. Тэгтэл ийм явдал боллоо.
-Юунаас болж энэ хэргийг үйлдсэн юм бол?
-Эхнэртэйгээ муудалцаж байгаад гарч явсан. Эргэж орж ирээд “Тэгвэл та нарыг бүгдийг нь шатаачихъя” гэж хэлээд бензин цацаж, шүдэнз зурсан гэв. Эмч нарын хэлж буйгаар гэр бүлийн зургаан хүний биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. Түлэнхийн төвийнхөн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд хамгийн гайгүй нь 40-45 хувийн түлэгдэлттэй, маш хүнд байгаа нь бүх бие нь галд өртсөн гэнэ. Бүгд шоконд орсон, заримынх нь амь насыг аврахад хүнд байна хэмээн эмч нар хэлж байв.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эх сурвалж “Хадмынхнаа шатааж амь насанд нь халдахыг завдсан 34 настай Н хаанаас шатахуун саванд хийж авсныг тогтоохоор ажиллаж байна. Тэрбээр гэмт хэрэг үйлдэхдээ согтуу байсан. Өөрөө ч 40 хувийн түлэгдэлттэй байгаа. Гэр бүлийн маргаанаас болж энэ хэргийг үйлдсэн байна. Эхнэрээ байнга зодож дарамталдаг болохоор эхнэр хүүхэд нь төрхөмдөө буцаж ирээд байсан юм билээ. Н-ынх Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Өнгөрсөн мягмар гаригт гэр бүлийн маргаанаас болж амиа егүүтгэхийг завдсан өөр нэг хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Архи ууж эхнэртэйгээ маргалдсан эр цээжин тус газраа хутгалж, Цэргийн госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Г.РАВЖАА