Грект саяхан болсон Парламентын сонгуулийн дүнгээр Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон улс төрийн намууд харилцан зөвшилц өж чадаагүйгээс эвсэл байгуулах боломжгүй болоод байгаа билээ. “Reuters” мэдээлснээр, ойрын нэг сарын дотор дахин сонгууль явуулахаар намууд тохиролцжээ. Ирэх сарын дундуур болох сонгууль хүртэл улс орныг түр Засгийн газар удирдах аж. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас үзэхэд, төсөв танах бодлогыг эсэргүүцэж буй зүүний радикалууд сонгуульд ялалт байгуулах магадлалтай гэж ажиглагчид онцолжээ. Гэсэн ч зүүний радикалууд засгийн эрхэнд гарвал евро бүсийн эдийн засагт ихээхэн хохирол учруулж болзошгүй нь. Учир нь Грекийн Засгийн газар төсвөө танаж, өрөө багасгахгүй бол дампуурал зарлаж, евро бүсээс гарах зам л үлдэнэ. Ингэсэн тохиолдолд эдийн засгийн хямралд өртөөд буй Испани, Португал ч Грекийн жишгийг дагаж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байна.