-Өөрийнх нь тавьсан галын улмаас гурван аврагч нас барсныг мэдээд тэрбээр амиа хорлохыг завдсан байна
Түймэр унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын хэлтсийн аврагч-гал сөнөөгч, дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлагч С.Бат-Эрдэнэ нар алтан амиа алдаж, ахлах ахлагч Г.Багабиш, дэд ахлагч А.Болорсүх нар түлэгдсэн хэрэг Дорнод аймгийн Баяндун суманд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гурван аврагчийн амийг авч одсон хээрийн түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн даргаар удирдуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллахаар явсан юм.
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Ч.Лхагвадоржоор ахлуулсан Ажлын хэсгийнхэн энэ сарын 8-нд Баяндун суманд ажиллаж ой, хээрийн түймэр тавьсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тус сумын Түргэн багийн нутагт энэ сарын 3-нд “Багийн найзууд” ХХК-ийн уурхайн захирал Б автомашинтай явж байхдаа гал тавьсныг тогтоожээ. Тэрбээр хөдөө явж байхдаа тамхины цогоо унтраалгүй хаяснаас түймэр дэгдсэн болохыг гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоожээ.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар уг компани нь Баяндун сумын нутагт алт олборлодог юм байна. Гал тавьсан сэжигтэн Б гурван хүний амь нас хохирсон тухай сонсоод амиа хорлох гэж байсан бө гөөд цагдаагийнхан амжиж таслан зогсоосон гэнэ. Түймрийн улмаас гурван хүний амь нас хохирч, хоёр хүн түлэгдэж, Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумын нутаг, 50 км гаруй газрын ой хээрийн өвс шатаж, ОХУ руу дамжин их хэмжээний хохирол учраад байгаа юм. Түймрийг унтрааж цурамд оруулсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байна.
Г. ЦОЛМОН