Австралийн Засгийн газар БНХАУын “Хуавэй” (Huawei) компанийг 38 тэрбум ам. долларын өртөг бүхий өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах тендерийн шалгаруулалтаас албан ёсоор хассан тухай “Форбес” сэтгүүлд мэдээлжээ. Тус улсын Засгийн газрын эрх бүхий албан тушаалтны мэдэгдсэнээр уг шийдвэрийг үндэсний аюулгүй байдлын асуудлаас үүдэн гаргасан аж. Өргөн зурвасын сүлжээ нь 2020 он гэхэд Австралийн бүх орон сууц, албан байгууллагын 90 хувийг шилэн кабелиар холбох аж.
Барууны зарим орны Засгийн газар “Хуавэй” болон ZТЕ компанийг БНХАУ-ын тагнуулын байгууллагатай хамтран ажилладаг байх магадлалтай хэмээн сэжиглэдэг. Австралийн Ерөнхий прокурор Никола Роксон уг шийдвэрийг үндэсний аюулгүй байдлын бодлогын дагуу гарсан гэж мэдэгдсэн бол, Ерөнхий сайд Жулиа Жиллард уг шийдвэрийг “Гаднын аюулаас болгоомжилсон алхам” гэж байжээ. Түүгээр зогсохгүй “Хуавэй” болон ZТЕ компанийг цаашдаа гадаадын Засгийн газраас зарласан бус, хувийн хэвшлийн байгууллагуудын зарлаж буй тендерт оролцвол эрсдэл багатай гэж зөвлөсөн аж. Энэ нь тэдгээрт төрийн нууц холбоотой мэдээлэл бага байдагтай холбоотой. Гэсэн ч ZТЕ компани нь SPRINT корпорацийн утасгүй сүлжээ байгуулах тендерийн шалгаруулалтаас мөн л хасагдаж байсан юм.
Мөн ZТЕ компанийг Иранд ажиглалтын хүчирхэг систем худалдсан гэх мэдээг барууны хэвлэлд бичиж байсан удаатай. Гэхдээ “Хуавэй” компанийн хувьд АНУ, Их Британи, Австралийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсээс өөрийн компанид авч, тэдний дуу хоолойг ашиглах явдал цөөнгүй. Жишээлбэл, өмнө нь Австралийн Гадаад хэргийн сайд байсан Александр Даунер одоо “Хуавэй” компанийн Австрали дахь салбарын Удирдах зөвлөлд ажиллаж байгаа бөгөөд тэрбээр Засгийн газрынхаа дээрх шийдвэрийг “Утгагүй тэнэг зүйл” гэж мэдэгдсэн байна.