Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 18-19-нд АНУ-д зохиох “Их найм”-ын уулзалтад оролцохгүй гэж “Ройтерс” “Цагаан ордны хэвлэлийн албанаас иш татан мэдээлэв. Дэлхийн өндөр хөгжилтэй найман орны лидерүүдийн чуулганд ОХУыг Ерөнхий сайд Дмитрий Медведев төлөөлөх юм байна. Д.Медведевийг Төрийн Дум энэ сарын 8-нд болсон ээлжит бус хуралдаанаараа Засгийн газрын тэргүүнээр баталсан юм. В.Путин лхагва гаригт Америкийн Ерөнхийлөгч Барак Обамад утас цохиж, энэ тухайгаа дуулгажээ. “Засгийн газраа бүрдүүлж дуусгах зайлшгүй шаардлагын улмаас Кэмп-Дэвидийн уулзалтад очих боломжгүй болсондоо Ерөнхийлөгч В.Путин харамсал илэрхийлсэн” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлэлд өгүүлсэн байна.
Харин Кремль дэлхийн эдийн засгийг хэрхэн эрүүлжүүлэх асуудалд гол анхаарал хандуулна хэмээн хүлээж буй “Их найм”-ын энэ удаагийн уулзалтад тангараг өргөөд удаагүй шинэхэн Еранхийлөгч нь яагаад очихгүй болсон талаар тайлбар хийсэнгүй. Зөвхөн “В.Путинийг Төрийн тэргүүний албаа албан ёсоор хүлээж авсанд нь Б.Обама баяр хүргэсэн” хэмээн мэдэгдсэн аж. Орос, Америкийн Төрийн тэргүүн нар зургаадугаар сарын 18-19-нд Мексикийн Лос-Кабос хотноо хийхээр товлосон “Их 20”-ын уулзалтын үеэр нүүр тулан учрах боломжтойг “Новости” тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, В.Путиний Ерөнхийлөгчийн зиндаанд Б.Обаматай хийх анхны уулзалт нь Хойд Америкт болж мэдэх юм.
“Их найм”-ын энэ удаагийн уулзалтыг анхлан Чикаго хотод зохион байгуулахаар төлөвлөөд байв. Гэсэн ч уулзалтаас хэдэн долоо хоногийн өмнө Б.Обама уг шийдвэрийг өөрчлөн, Мэрилэнд муж улсын нутагт байрлах Кэмп-Дэвидийн өргөөндөө зохиохоор шийдвэрлэсэн. Кэмп-Дэвидэд чуулганыг хийх нь дэлхийн лидерүүдийг илүү итгэлтэй яриа хөөрөө өрнүүлэхэд дөхөм үзүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа тайлбарласан билээ. Нарийндаа бол Оросын ирээдүйн Ерөнхийлөгчийг хүнд байдалд оруулахгүйн тулд Цагаан ордны эзэн тухайн үед ийм арга сэдсэн байж мэдэх нь. “Коммерсант” сонинд гуравдугаар сард нийтлэгдсэн мэдээллээр бол, “Их найм”- ын чуулганыг шууд залгаад Чикагод НАТО-гийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нар уулзахаар товлосон бөгөөд үүнд В.Путин оролцохоос татгалзсан байна.
“Их найм”- ын чуулганы төгсгөлд Оросын Ерөнхийлөгчийг тэндээс ум хумгүй зугтах шахам явах байдалд хүргэхгүйн төлөө уулзалт зохиох газрыг өөрчилсөн бололтой. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр таагүй асуултуудад ороогдохгүйн тулд ийм алхам хийх нь Обамад өөрт нь ч хэрэгтэй байсан гэж ажиглагчид тэмдэглэсэн. Тэгэхдээ тавдугаар сарын 18-19, 20-21-ний хоёр хуралд Чикаго хотын захиргаа янз бүрийн мэдээгээр, 40-65 сая ам. доллар нэгэнт зарлагадаад байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Чамлахааргүй хэмжээний энэ хөрөнгийг Цагаан ордон Путиний төлөө золионд гаргахаар шийдсэн нь тэр байв.
Х.ЭНХ