Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өчигдөр 14.00 цагийн үед “сайд нарын” гэх тодотголтой Улсын клиникийн II эмнэлэгт шил жүүллээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар энэ сарын 7-нд эмч нарын баг дахин томилогдож, өлсгөлөн зарлаад 96 цаг болж байгаа Н.Энхбаярын биед үзлэг хийсэн байна. Шинээр томилогдсон эмч нар уржигдар өглөө найман зүйл бүхий зөвлөмж гаргаж, нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байлгаж, эмчилгээ хийлгэхгүй бол биеийн эрүүл мэндийн байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж дүгнэжээ. Эмч нарын энэ дүгнэлтийн дагуу ийнхүү шилжүүлжээ. Энэ тухай өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэл нар сэтг үүлчдэд мэдээлэв. Тэд “Улсын клиникийн II эмнэ лэгт шилжүүлэх ажиллагаа нь хууль журмын дагуу явагдсан. Яллагдагч Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 96 цаг болсон” гэв.
Харин МАХН-ын талынхан “Н.Энхбаярын биеийн байдал муудаж, хэвтэрт орлоо. Гурав хоног ус уугаагүйгээс үүдэж цус нь өтгөрөн, зүрх нь зогсоход ойрхон болсон. Өчигдөр үүрээр Н.Энхбаярын бие эрс муудсан тул II эмнэлэг рүү шилжүүлж Эрчимт эмчилгээнд хамруулсан. Эрх баригчид энэхүү байдлыг нууцлахын тулд Н.Энхбаярыг тус эмнэлэгт хүргэсэн хүмүүсийн гар утсыг хураасан” гэх мэдээллийг өгч буй юм. Энэ талаар дэд хурандаа Ц.Очгэрэл “Хоригдогч Н.Энхбаярын амь насанд шууд аюултай байдал үүсээгүй. Өөрөөр хэлбэл, ухаан алдаж унаагүй. Мөн шөнө дунд, үүрээр нууц байдлаар шилжүүлсэн зүйл байхгүй. Шөнийн цагаар хорих ангийн хөл хөдөлгөөн хязгаарлагддаг” гэв. Сэжигтэн болон яллагдагчтай ар гэрийнхэн, ойр дотнынхныг нь уулзуулах зөвшөөрлийг зөвхөн цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэр гаргасан албан тушаалтан олгохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан. Үүний дагуу прокурор, шүүгчийн зөвшөөрлөөр ар гэрийнхэн нь Н.Энхбаяртай гурван ч удаа уулзжээ.
Тухайлбал, тав дугаар сарын 5-нд Цагдан хорих төвийн эмнэлэг рүү шилжүүлэх үед прокурорын зөвшөөрлөөр эхнэр, хүүхэдтэй нь уулзуулсан бол өнгөрсөн даваа гаригт ч уулзуулсан гэнэ. Харин уржигдар хүү Э.Батшугартайгаа уулзжээ. Хэдийгээр Н.Энхбаярыг Улсын клиникийн II эмнэлэгт шилжүүлж байгаа ч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ нь хэвээр үргэлжлэх юм байна. Тиймээс тус эмнэлэгт цагдаагийн байгууллагын ажилтнууд хуулийн дагуу Ерөнхийлөгч асныг хүнтэй уулзуулахгүй байх гэх мэт хянах ажиллагааг хариуцах аж. Мөн өчигдөр Ерөнхий сайд С.Батболд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон ШШГЕГын дарга, бригадын генерал М.Ганхүү нараас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээллийг сонссон байна.
II эмнэлэгт хэвтсэний дараа биеийн байдал нь ямар байгаа тухай мэдээллийг Ерөнхий сайд сонсоод, Ерөнхийлөгч асны эрүүл мэндэд үргэлжлүүлэн анхаарахыг Эрүүл мэндийн сайд, ШШГЕГ-ын дарга, ТТХГ-ын удирдлагад үүрэг болгожээ.
Г.РАВЖАА