Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хүмүүст холбогдох хэргийг АТГ, УМБГ-ын хамтарсан Ажлын хэсэг шалгаж дуусаад өмгөөлөгчдөд нь танилцуулж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Харин өчигдөр орой тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Энэ тухай өөр нэг эх сурвалж “Мөрдөн байцаагчид хавтаст хэргийг НПГ-т 18.00 цагийн үед хүргэж ирсэн. Ажлын хэсгээс Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлсэн. Ерөнхийлөгч аснаас гадна түүний шадар туслах Б.Тулга, “саятан” хэмээх Д.Мягмаржаргал нарын хүмүүсийг буруутгаж байгаа. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Д.Наранбаатараас лавлахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хэргийн холбогдогч болон өмгөөлөгч нарт хавтаст хэргийг танилцуулаад, НПГ-т шилжүүлсэн нь үнэн” гэв.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Н.Энхбаярыг харьяаллынх нь дагуу II эм нэлэгт эмчлүүлэх боломжийг хангаж өгөхийг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт өчигдөр хүргүүлсэн байна.
Г.ЦОЛМОН