Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад Социалист намаас нэр дэвшигч Франсуа Олланд ялалт байгуулав. Гадаад хэргийн сайд Клод Геаны хэлснээр, Ф.Олланд 51.13 хувь, Н.Саркози 48.87 хувийн санал тус тус авсан аж. Сонгуулийн ирц 81.25 хувьтай байжээ. Н.Саркози ялагдсанаа хүлээн зөвшөөрч “Ялахын төлөө чадах бүхнээ хийсэн” хэмээн онцлоод, шинээр сонгогдсон Төрийн тэргүүнд амжилт хүслээ. Ф.Олландыг дэмжигчид Парисийн Бастилийн талбайд цуглан, баяраа тэмдэглэж байна.
Социалистуудын лидер Ф.Олланд хүмүүст итгэл найдварыг нь эргүүлэн авчирч чадна гэдгээрээ бахархаж буйгаа илэрхийлжээ. Гэсэн ч Франсуа Олландын ялалт евро бүсийн хувьд хүндхэн сорилт болж магадгүйг ажиглагчид онцолж байна. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Н.Саркози нарын дэмжсэн евро бүсийн төсвийн тухай тухай гэрээг эргэж харахаа Ф.Олланд мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн жилд нэг саяас дээш еврогийн орлоготой хувь хүн, компанид ногдуулах албан татварыг нэмэх, цалингийн доод хэмжээг өсгөх, зарим ажилчдын тэтгэврийн насны босгыг 62-оос 60 болгоно хэмээн амлаж байгаа юм.
Сүүлийн 17 жилд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ялалт байгуулсан социалистуудын тэргүүн “бүсээ чангалах” нь хямралаас гарах ганцхан арга биш гэж онцолжээ.
Х.ОД