Цуурч, хазайсан сургуулийн барилга хэдэн арван мянган хүний амийг авч одсон гамшгийн гэрч болон үлджээ. Энэ сургууль цагтаа 1527 багш, сурагчтай байж. 2008-5-12 гэсэн бичээс бүхий хавтангийн дээд талд орших чулуун цагны цуурхай таван цаг, 14 минутыг зааж байлаа. Сычуань мужийн төв Чэндү хотоос 30 км зайтай Иншү суурин дахь хөшөөний өмнө зогсож, одоогоос дөрвөн жилийн өмнө аймшигт газар хөдлөлтийн үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, цэцэг өргөхдөө харсан дүр зураг энэ. Байгалийн сүр хүч, гамшгийн өмнө хүн гэгч ямар өчүүхэн болохыг, басхүү зогсолтгүй урсах цаг хугацаа бүхнийг эмчилдгийг, хүний хүч, хөдөлмөр юуг ч сэргээн босгодгийг тэндээс харсан юм.
Олон сая хүний амьдрал, тосгон, суурин, муж, улсын түүхийг газар хөдлөлтийн өмнө ба дараа гэсэн хоёр хэсэгт хуваасан тэр өдрөөс хойш 1400 өдөр хэдийнэ өнгөрчээ. Цавчим өндөр уулсын дунд орших энэ сууринд дөрвөн жилийн өмнө болсон гамшиг, сүйрлийн ул мөр бараг үлдсэнгүй, нуранги байсан газарт үндэстнийх нь онцлогийг илэрхийлсэн байшингууд босож, уулнаас нурсан чулуунд дарагдан сүйдсэн зам харгуйг засаж, шил толь мэт толийлгосон нь бахархмаар. Телевиз, хэвлэлээр дамжин дэлхийн сонорт хүрсэн тоо баримт, үйл явдал, гамшиг хохирол бидний ой тойноос алгуурхан арчигдсан ч байж мэднэ. Гэсэн ч 12 мянгаар тоологдож асан хүн амынх нь талыг авч одсон гамшгийг биеэрээ туулсан Иншү суурингийнхны зүрхэнд үлдсэн мөнөөх цагны цуурхай мэт шарх хэрхэн аних билээ. Тэглээ гээд хагацал, өнчрөл, сүйрэл дагуулсан газар хөдлөлтийн дараа өндийн босох, бүтээн байгуулах, амьдрах, хайрлах хүсэл зориг, хүчтэйгээ үлдсэнд нь тэднээр бахархана.
Элэг нэгтэн нь тэнгэрт одож, зарим нь тахир дутуу болж, нөгөө нь өнчирсөн ч, орон гэргүй, уух усгүй болсон ч хүн амьдралд, өөртөө, өөрийнхөө хайртай бүхний төлөө хэрхэн зүтгэдэг, хатууждаг, нэгдэж чаддагийн жишээг тэндээс харсан юм. Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Хятадад болсон гурван том газар хөдлөлтийн нэг Сычаунь мужид тохиож, ойролцоогоор 69 мянган хүн амиа алдаж, 18 мянган хүн сураггүй болсон гэдэг. Гамшгийн улмаас орон гэргүй болсон хүний тоо 11 саяар тоологдож байжээ. Газар хөдлөлтийн үеэр 845.1 тэрбум юанийн (125 тэрбум ам.доллар) эдийн засгийн хохирол амссан аж. Монголын сэтгүүлчдийн эвлэл, Өвөрмонголын сэтгүүлчдийн байгууллагатай хамтран зохион байгуулсан айлчлалаар Сычуань мужийн сэргээн босголтыг нүдээр харах завшаан Монголын сэтгүүлчдэд тохиосон билээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сычуань мужийнхан байгалийн гамшигт өртсөн 2334 барилга, хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглаж байсан 99 мянган га талбайг сэргээн засварлажээ. Түүнээс гадна 5600 км урттай хурдны зам тавьж, эрчим хүчний системийг сэргээн засварлах төслийн 96 хувийг гүйцэтгэсэн байна.
Газар хөдлөлтийн үеэр сүйдсэн 2440 үйлдвэрийн үйл ажиллагаа өдгөө хэвийн болж. Мужийн хэмжээнд 12 сая хүнд зориулан газар хөдлөлтөд тэсвэртэй таван сая гаруй сууц, 2989 сургууль, 1359 эмнэлэг барьсан байна. Гамшгийн үеэр үр хүүхэд, эцэг эхээ алдсан, тахир дутуу болсон хүмүүсийн амьдрах нөхцөлийг сайжруулах талаар арга хэмжээ авч байгаа гэнэ.
Газар хөдлөлтийн дараах сэргээн босголтод нийт 123 тэрбум гаруй юань зарцуулсан бөгөөд үр дүн нь нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байлаа. Бүтээн байгуулалт үүгээр дуусахгүй, цаашид ч бүс нутгийн дэд бүтэц, иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд олон зүйлийг хийхээр төлөвлөсөн аж. Эл сэргээн босголтод ганцхан Сычуань мужийнхны хүч бус, Хятадын ард түмний, өөр олон орны дэм тус, хувь нэмэр оржээ. Улс орны хөгжил зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр ч бус, ард түмний амьдралын төлөө юу хийж байгаагаар нь хэмжигддэгийн жишээ тэнд олон байлаа.
ЖИРИЙН ХҮМҮҮСИЙН ЖИРИЙН БУС ТҮҮХ
Иншү суурин дахь газар хөдлөлтийн үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх музейд орлоо. Гамшгийн үеэр авсан гэрэл зураг, сэргээн босголтын ажлыг харуулсан үзмэрүүдээс гадна нэгэн зүйл анхаарал татаж байсан юм. Газар хөдлөлтийн үеэр бусдын амийг аварсан хүүхдүүдийн зургийг танхимын хананд хаджээ. 7-14 насны болов уу гэмээр энэ хүүхдүүд жинхэнэ баатрууд юм. Нүүр тулсан аюулыг сөрөн, дөрвөн хүний амь аварсан есөн настай хүүгийн зургийг хараад гамшиг тохиолдсон үед нас, хүйс, зиндаа, гарал бус хүний сэтгэл, эр зориг л амьдралын жинхэнэ дүр төрхийг тодорхойлдгийг мэдэрсэн.
Уулнаас буусан чулуунд дарагдсан ч амьд үлдэхийн тулд хоёр хөлөө өөрөө тайрсан залуугийн өр өвдөм түүхийг сонсохдоо ойр зуурын маргаан, тулга тойрсон хов жив, атаархал, тэмцэлдээнд амьдралынхаа алтан хормуудын нэгийг нь ч болов үрэх учиргүйг ухаарлаа. Газар хөдөлсөн бүсэд ажиллахаар ирсэн олон улсын аврагчид хүчилтөрөгчийн дутагдалд ороход ууланд даяанчилж суусан лам нар тэдэнд төдийгүй иргэдэд тусалсан тухай, гамшгийн үеэр ухаан алдаад сэрэхдээ өмнөө зогсоо харийн аврагчийг хараад “Газар хөдлөөд би бөмбөрцгийн нөгөө талд ирчихсэн байна шүү дээ” гэсэн эмгэний гайхашрал гээд олон сонин түүхийг сонссон юм.
Магадгүй зовлон, гуниг дэгжин бүсгүйн энгэсгийг урсгаж, эрхэмсэг даргын зангиаг тайлуулж, нөхцөл байдал, албан тушаал, зэрэг дэвээс хамааран хүмүүсийн “өмсдөг” багийг мулталж, тайван цагт өөрсдөө нээж үл чадах, гэхдээ хүмүүсийн дотор оршсоор л байсан хүнлэг, эх оронч, баатарлаг шинж чанарыг “сэрээдэг” ч юм бил үү. Басхүү гамшиг авч одсоноосоо ч илүү бүтээх боломжийг хүмүүст олгож, нэгдэх, хатуужих, энэрэх сэтгэлийг бэлэглэдэг юм шиг.
Х.ОДОНЧИМЭГ