Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бярман хэмээх газар хаш чулууны багагүй нөөцтэй аж. Тэндээс иргэд ногоон, цагаан хаш ихээр олборлож байгаль орчинд хор хохирол учруулсаар нэлээд хэдэн жил болжээ. Тиймээс УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны 18 дугаар тогтоолоор энэ газрыг “Байгалийн цогцолборт газар” -ын ангилалд шилжүүлэн улсын тусгай хамгаалалтад авсан аж. Гэтэл Цагааннуур сумын удирдлага УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг үл тоомсорлон 2011 оны зургаадугаар сарын 17-нд 19 дүгээр тогтоол гаргаж, хаш чулууг иргэдэд ашиглуулах зөвшөөрөл олгож эхэлсэн аж.
Уг нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар, нутагт ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрлийг зөвхөн УИХ олгодог, бүрэн эрхэд нь хамаарах асуудал юм байна. Үүний дагуу ашигт малтмал ашиглаж байгаа иргэдийн хууль бус ажиллагааг таслан зогсоох, хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас мэдэгдэл бичиж, Цагааннуур сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоо лыг хүчингүй болгуулж, тус ИТХ-ын дарга, Засаг даргад танилцуулга хүргүүлжээ.
Түүгээр зогсохгүй хууль бусаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг улсын тусгай хамгаалалттай газарт явуулсан нь Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байгаа тул тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хэд хэдэн хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.
Г.РАВЖАА