Өмгөөлөгч О.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Та хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллах болсноор сайн муу зүйл олныг сонсож, биеэр ч эдэлж үзлээ. Өмгөөлөгчөөр хэдэн жил ажиллаж байгаа билээ?
-Би МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг 2003 онд төгсөөд мэргэжлээрээ ажилласан. Өмгөөлөгчөөр ажиллаад зургаан жил болж байна.
-Өмнө нь ямар хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлж байв. Ч.Амарболд генерал яагаад таныг сонгосон юм бол?
-Ч.Амарболдын хүүтэй нь би их сургуулийн нэг ангийн найз. Хошууч генерал хүүгийнхээ найз гэдгээр намайг таньдаг байсан. Түүнээс гадна өмгөөлөгчөөр ажиллаж эхлээд Монголд анх удаа гарсан хүний наймааны хэрэг, хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг өмгөөлж, эрх зүйн туслалцаа үзүүлснийг судалсан юм билээ. Надад санал тавихад нь би зөвшөөрч, өмгөөлөгчөөр нь ажиллаад дөрвөн жил гаруй болж байна
-Ажлаа хийснийхээ төлөө хоригдсон өмгөөлөгчдийн гурав дахь нь та байх аа?
-Зөрчлийн улмаас захиргааны журмаар баривчлагдаж байсан өмгөөлөгчид бий. Харин ажлаа хийгээд, үйлчлүүлэгчээ өмгөөлснийхөө төлөө баривчлагдаж байсан нь цөөн байх. Эмч нарын гэх тодотголтой дуулиант хэрэг бий шүү дээ. Тэр хэрэгт холбогдогчдод манай Ж.Яринпил өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж байсан. Тэрбээр үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж хэлээд буруутсан хүн. Түүнээс гадна прокурорын өмнөөс олон зүйл ярилаа гээд түүнийг саатуулж байсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Дамирангийн Энхбат агсныг өмгөөлж байсан Л.Санжаасүрэн гуайг бас эрх зүйн туслалцаа үзүүлснийх нь төлөө улсын нууц задруулсан гэж үзээд баривчилсан. Түүний хүүг би сайн танина. Энэ хүмүүс удмаараа үнэнч шударга, үнэний төлөө тэмцдэг гэдгийг нь мэдэх юм байна. Л.Санжаасүрэн гуайн өмгөөлөл явуулж байсан тухайн цаг үе хугацаа, нөхцөл байдлыг сонирхож үзээд ямар их эр зориг гарган ажилласан юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдсон.
-Өөрийг чинь цагдан хорих болсон шалтгаан хангалтгүй мэт санагддаг. Та дарамт шахалт их байгаа тухай ярьж байсан. Харин Албадан саатуулах төвд ямар нэгэн дарамт байв уу?
-Би хууль зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байна. Саатуулагдаж байх хугацаанд ямар нэгэн дарамт байгаагүй. Харин захиргааны арга хэмжээгээр саатуулсан иргэдийн байгаа орчин, нөхцөлийг сайжруулахгүй бол үнэхээр хүнд юм билээ. Уг нь тэр байранд 190 хүн саатуулах ёстой ч 400 гарчихаж. Батлагдсан журмын дагуу 190 хүний хоолыг 400 хүнд хувааж өгч байх юм. Умгар өрөөнд 20-30 хүн байна. Тус газрынхан наар тавьж өгдөг ч хүн нь хэд дахин олон болохоор яах ч аргагүй юм билээ. Түүнээс гадна тэндхийн цагдаагийн ажилтнууд үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг. Саатуулагдсан хүнээсээ хэд дахин цөөн цагдаагийн ажилтнууд асар их ачаалалтай, ийм хүнд орчинд яаж ажлаа амжуулдаг юм бол гэж санагдсан. Тус байранд хүн байлгаж болохгүй гэсэн актыг мэргэжлийн хяналтынхан хоёр жилийн өмнө гаргасан ч одоо хэр нь ашигласаар л байна. Хана нь цуурсан тэр байр бага хэмжээний газар хөдлөлтөд лав нурах байх.
-Цагдаагийн дарга нар өмгөөлөгчөө сонготол энэ хэрэг нэг хэсэгтээ нам жим боллоо. Та Албадан саатуулах төвөөс гарс наасаа хойш цагдаагийн дарга нартай уулзав уу?
-Би суллагдсанаасаа хойш хэд хэдэн удаа уулзсан. Монголын өмгөөлөгчдийн холбооноос (МӨХ) үүрэг өгсний дагуу өмгөөлөгч сонгоход нь туслалцаа үзүүлж байгаа. Сүхбаатар дүүргийн шүүх ч уулзах зөвшөөрөл олгосон. Хэн гэдэг өмгөөлөгч ямар хэргийн холбогдогчид эрх зүйн туслалцаа үзүүлж байсан болон мэргэжил боловсрол, ур чадварынх нь талаар мэдээлэл өгч, тэд тус бүр гурван хүнийг сонгосон.
-Шүүхийнхэн цаг хугацаатай уралдаж, заавал ялах гээд байх шиг. Харин яллагдагч тал хугацаа уях гээд байгаа мэт харагдаад байх юм. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Шүүгч, шүүгдэгчдийн аль аль нь хууль эрх зүйн үүднээс асуудалд хандах учиртай. Өнгөрсөн үйл явцыг эргээд нэг харъя. Хамгийн сүүлд МӨХ-ноос өмгөөлөгч томилж өгөхөд 29 хавтаст хэрэгтэй хоёр өдрийн дотор танилц гэснийг тэд эсэргүүцсэн. Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасныг хүлээн авч, маргаан үүсгэчихээд байхад хэргийг түдгэлзүүлээгүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээсэн бол асуудал ингэтлээ удааширч, хүндрэхгүй байсан. Энэ сарын 9-нд Үндсэн хуулийн цэц хуралдаж шийдвэр гаргана.
Шийдвэрийг сонсоод маргааш нь хурлаа зарлачих боломж байсан. Шүүгч хэт яарч, оролцогчдын эрх зүйн байдлыг хангаагүйн улмаас энэ хэрэг сунжраад байгаа юм. Мөрдөн байцаалт дуусаж, бүх шатны шүүхээр эцэслэн шийдэх гэсээр хэрэг уддаг тал бий. Завханы Ч.Эрдэнэ-Очирын хэргийг монголчууд сайн мэднэ. Энэ хүн зургаан жил гаруй саатуулагдаад эцэст нь шүүх гэм буруугүйг нь тогтоосон. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн 3-6 жилийн хорих ял эдлээд суллагддаг. Харин энэ хүн гэм буруугүй хэрнээ өдий олон жилийг торны цаана өнгөрөөсөн. Манай шүүхэд энэ мэт асуудал бий.
-Та бүхэн шүүгчид хууль зөрчиж байгааг хэлдэг. Та нар ч тэдэнтэй адил эрх зүйн дээд боловсрол эзэмшсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн нэг зүйл заалтыг хэдэн янзаар тайлбарлаж, зарим үед хэн нь үнэн яриад байгаад итгэхэд бэрх болдог?
-Энэ нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж бүрхэг байгаатай холбоотой. Тодруулбал, хэрэг түдгэлзүүлэх тухай заалт байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн бол хэргийг түдгэлзүүлнэ гээд заагаад өгчихсөн атлаа дараа нь шүүх хуралдаан дээр хэрэг түдгэлзүүлэх тухай гээд заагаад өгсөн байх жишээтэй. Энэ мэт маргаантай асуудал олон. Энэ хэргийг шийдэх явцад өмнө нь гарч байгаагүй асуудал үүсч байгаа болохоор өмгөөлөгч, шүүгч нарын хооронд маргаан гарч байгааг үгүйсгэхгүй. Хууль зүйн шинжлэх ухаан өөрийн гэсэн дэг жаягтай учраас хэнд ч тодорхой ойлгомжтой зүйл заалтыг өөрөөр тайлбарлаж болохгүй л дээ. Би хууль зүйн дагуу өмгөөллөө явуулж байгаа гэдэгтээ итгэлтэй байсан. Гэтэл шүүхийн шатанд юу болсныг бид бүгд харсан. Монголын нэр хуульч, эрх зүйч олон хүнтэй би уулзаж, ажлаа танилцуулж, эрх зүйн туслалцаа хэрхэн үзүүлж байгаагаа ярилцсан. Тэднээс эргэлзэж, тээнэгэлзсэн хариулт нэг ч удаа сонсоогүй. Гэтэл шүүхийн шатанд энэ байдал өөрчлөгдчихсөн.
-Шүүх хурлын явцаас анзаарахад өмгөөлөгч, шүүгч нарын хоорондын харилцаа илт зөрчилтэй байх юм. Шүүх хуралд оролцогч талууд тэгш эрхтэй байх ёстой биз дээ. Өмгөөлөгчдийн гаргасан хүсэлт, гомдлыг огт хэрэгсдэггүй. Энэ нь та бүхний ажлын ур чадвартай холбоотой юу?
-Өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвартай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Шүүгчид прокурор, өмгөөлөгчтэй тэгш харилцах ёстой. Гэтэл энэ хэрэг дээр илт ялгаатай харилцаж байна. Намайг шүүгчээс юм асуухад “Сая прокурор тайлбарласан” гээд хариулахгүй байх жишээтэй. Биднийг саатуулахдаа шүүгч прокуророор тайлбар хийлгээд, тэдний саналыг үндэслэн саатууллаа гээд бичиг үйлдсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шүүх хуралдаанд адил тэгш оролцох ёстой субъектийн нэг талтай нь шүүгч нийлж асуудалд оролцоод байгаа нь зохисгүй. Энгийнээр тайлбарлахад прокурор хөлбөмбөгийн багийн довтлогч. Өмгөөлөгч бол хаалгач. Гэтэл шүүгч хаалгачийн хажууд ирээд хаалгаа хамгаалж болохгүй гэж загнаад, довтлогч дуртай үедээ гоол оруулж байгаатай ялгаагүй.
-Шүүх байгууллага хууль зөрчлөө гэхэд хэн шүүх ёстой юм бэ. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш үргэлжилсэн шүүх хурлын явцаас харахад шүүх зарим үед илт нэг талыг баримталсан гэж үзэх хүн олон байсан?
-Шүүхийн үйл ажиллагааг дээд шатны шүүх хянах ёстой. Энэ хэрэг аль ч талд шийдэгдсэн давж заалдах нь тодорхой. Хохирогчдын талд шийдвэр гарвал яллагдагч тал дараагийн шатанд гомдол гаргана. Нөгөө талд шийдвэр гарвал хохирогчид гомдол гаргана. Гэтэл энэ хэргийн анхан шатны шүүх хурал болоогүй байхад Нийслэлийн шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл байр сууриа илэрхийлчихсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Дээд шүүхийн дарга. Энэ бүгдээс харахад хэрэг яаж шийдэгдэх нь илт байна. Яллагдагчид өмгөөлөгчидтэйгээ уулзаж эхэлсэн. Удахгүй шүүх хурлын тов гарах байх. Энэ удаа дээр гаргасан алдаа дутагдлаа ойлгож, дахин тийм байдал битгий гаргаасай. Шүүх хуралд оролцогчдын тэгш байдлыг хангах явдлыг сайн санаж ажиллаасай гэж хүсэж, итгэж байна.
-Үндсэн хуулийн цэц удахгүй таны гаргасан гомдлыг дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэх гэж байна. Таны гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ нь шүүхийн үйл явцад нөлөөлөх үү?
- Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн нэг, хоёрдугаар заалт Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчиж байгаа талаар гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц зөрчсөн байна гэж үзвэл нөхцөл байдал өөрчлөгдөнө. - Дөрвөн жил гаруй хэрэгтэй танилцаж, мөрдөн байцаалтын явцад хамт байсан өмгөөлөгч нар хэргийг бүх шатны шүүхээр шийдтэл явсан бол яллагдагч нарт тустай байсан. Харин одоо байдал өөр болчихлоо.
-Танд Ч.Амарболдын өмгөөлөгчөөр үргэлжлүүлээд ажиллах бодол байна уу?
-Энэ хэрэгт өмгөөлөгчөөр дахин ажиллах талаар бид ярилцаагүй. Ч.Амарболд өмгөөлөгчөө сонгосны дараа би дөрвөн жилийн хугацаанд цуглуулсан баримт, тэмдэглэл гээд бүх зүйлээ шинэ өмгөөлөгчид нь өгнө. Шаардлагатай үед хамтарч ажиллахад бэлэн.
Х.ОЮУНСҮРЭН