Хошууч генерал Ч. Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, О. Зоригт, дэд хурандаа Г.Ганбаатар нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулаад 40 гаруй хонож байна. Энэ хугацаанд шүүх хурал хоёр удаа болсон ч өмгөөлөгчөө сонгох боломж олгоогүй учир хойшилсоор өнөөдрийг хүрсэн.
Монголын өмгөөлөгчдийн холбооноос 800 гаруй өмгөөлөгчийн нэрийг явуулсан ч яллагдагчид тодорхой мэдээлэлгүйн улмаас сонгох боломжгүй хэмээн мэдэгдсэн юм. Харин хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч асан О.Алтангэрэл холбооныхоо өгсөн үүрэг даалгаврын дагуу өмгөөлөгч сонгоход нь тусалсан аж. Тэд гавьяат хуульч Г.Оюунцэцэг, өмгөөлөгч Д.Батсүх, Г.Орхон, Г.Амгалансуурь, З. Мөнхбат, Г.Золжаргал, Ё.Энхбулган нарыг сонгон өчигдөр уулзсан боловч сонгох, эсэхээ шийдээгүй байна.
Яллагдагчид өмгөөлөгчөө сонгосон ч 29 хавтаст хэрэгтэй танилцахад багадаа нэг сарын хугацаа зарцуулах учир шүүх хурлын тов ирэх сараас нааш тодорхой болохгүй нь бололтой.
Х.ОЮУН