Н.Саркозийн сонгуулийн өмнөх кампанийг 2007 онд М.Каддафийн дэглэм санхүүжүүлсэн гэх мэдээлэл хэвлэлд гарсантай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхийг Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Франсуа Олландын штаб шаардлаа. Францын "Mediapart" онлайн хэвлэл одоогийн Ерөнхийлөгчийн Каддафитай түншилж байсан тухай ээлжит нийтлэлээ тавьсны дараа өрсөлдөгчийнх нь штаб ийнхүү мэдэгджээ.
"Mediapart"-д 2006 оны арванхоёрдугаар сар гэж огноо тавьсан баримт бичигт өгүүлснээр бол, Ливийн тагнуулын байгууллагын тэргүүн Мусса Кусса Саркозийн сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлэхэд зориулж 50 сая еврог зуучлагчдаар дамжуулан хүргэхийг зөвшөөрчээ. Харин Ерөнхийлөгч дээрх мэдээллийг "утгагүй зүйл" хэмээв. Гэвч Олландын штаб үүнд нь сэтгэл ханасангүй, "Буруугүй юм бол түүнийгээ баримтаар нотол" гэж шахжээ. Н.Саркози Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа Каддафийн мөнгөөр санхүүжүүлсэн гэсэн шүүмжлэл үүний өмнө ч хэвлэлд гараад авсан.
Ливийн удирдагчийг засгийн эрхэнд байх үед буюу 2011 оны гуравдугаар сард түүний хүү Сейф аль-Ислам Францын Төрийн тэргүүн гэр бүлээс нь 50 сая евро авсныг мэдэгдээд, "Алиалагч аа, мөнгийг минь эргүүлж өг" хэмээн нэхсэн аж.