Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар шат шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр заавал хянан хэлэлцдэг юм.
Уг хуралдаанаар Хөвсгөл аймагт долоон настай хүүхдийг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс түүнд оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн байна. Н.Мөнх-Оргил нь 2010 оны тавдугаар сарын 3-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт долоон настай М-г хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж боомилж, амьсгал бүтэлтэд оруулан бүрэлгэжээ. Түүнчлэн 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд Баянгол дүүргийн нутагт 10 настай С-г, түүнээс хойш 14 хоногийн дараа тус дүүрэгт есөн настай Н-ийг боомилж, хүчирхийлэхийг завдсан, 2010 оны дөрөвдүгээр сарын 22-нд найман настай Б-г хүчирхийлсэн гэмт хэрэг үйлдсэн юм. Энэ хурлаар Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт цаазаар авах, Ш.Гантулгад 16 жилийн хорих ял ногдуулсныг хэвээр үлдээжээ.
Б.Эрдэнэбилэг согтуудаа шунахайн сэдэлтээр 2009 оны нэгдүгээр сарын 8-ны шөнө Баянгол дүүргийн XIII хорооны есдүгээр байранд Н-д хутга, заазуур тулгаж, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас зэрэг 1.5 сая төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн. Улмаар мөн хохирогчид хутга заазуур тулгаж айлган, тохуурхан даажигнаж, хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн аж. Улмаар цагдан хорих төвөөс жилийн дараа батлан даалтад гараад 2011 оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн II хороо, “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд 40-44 УНО улсын дугаартай “Тоёота Марк-2” загварын автомашиныг согтуугаар жолоодож иргэн Х-ын машиныг мөргөж, ослын газрыг санаатай орхиж зугтсан байна. Б.Эрдэнэбилэг тэр шөнөдөө Баянзүрх дүүргийн IV хорооны 3 дугаар байранд найз бүсгүй Д-тэй маргалдан сүхээр олон удаа цохиж, хэрцгийгээр хөнөөсөн юм.
Улмаар гэмт хэргээ нуун далдлахын тулд талийгаач Д-ийн ээж, 60 настай Ү, аав, 60 настай Б нарыг хөнөөжээ. Тэрбээр шунахайн сэдэлтээр хохирогчдын бие болон гэрээс нь алтан ээмэг, бөгж, монетон бөгж, ээмэг, сувдан зүүлт, талийгаач Д-ийн “Худалдаа хөгжлийн банк”-ны цалингийн карт, гар утас, 200000 төгрөг зэрэг 1.2 сая төгрөгийн эд зүйл авч зугтсан юм. Мөн талийгаач Д-ийн хүү Б-г заналхийлэн эд зүйлийг дээрэмдсэн аж.
Түүнээс гадна Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нар бүлэглэж 2009 оны нэгдүгээр сарын 8-нд Э, Ц нарыг зодож, хүлж хөнөөхийг завдсан байна. Мөн хохирогч М-ыг кабелийн утсаар хүлж хөнөөжээ. Нийт шүүгчдийн хурлаар мөн Ц.Жаргалбаярт холбогдох хэргийг хэлэлцэж, цаазаар авах ялыг хэвээр үлдээв. Ц.Жаргалбаяр нь согтуугаар 2011 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дахь гэртээ У-г үл ялих зүйлээр шалтаглан амь насыг нь хөнөөсөн аж.