Малайзын нийслэл Куала-Лумпурт уржигдар олон мянган хүн оролцсон жагсаал болж, шударга сонгууль явуулахыг эрх баригчдаасаа шаардлаа. BBC мэдээлснээр, энэ үеэр цагдаа нар нийслэлийн төвийн томоохон газар нутаг, түүний дотор Тусгаар тогтнолын талбайн хөдөлгөөнийг хаасан бөгөөд төмөр тор, өргөстэй утсаар хийсэн хаалтыг сэтлэх үед нь жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэжээ.
Сүүлийн 10 жилийн түүхэн дэх эсэргүүцлийн хамгийн том арга хэмжээний нэгд тооцогдох эл жагсаалд оролцогчид сонгуулийн системд өөрчлөлт хийхийг шаарджээ. Одоогийн хууль тогтоомж нь Ерөнхий сайд Нажиб Разакийн тэргүүлсэн эрх баригч эвсэлд л ашигтай гэж тэд мэдэгдэж байна. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч жагсаалд оролцогчдын тоог 25 мянга гэсэн бол, Малайзын мэдээллийн зарим эх сурвалж 80 мянга хэмээжээ. Наад зах нь 20 хүн баривчлагдсан байна.
Сөрөг хүчний, шинэчлэлийн төлөө Bersih бүлгийн зохион байгуулсан эл жагсаалыг хууль сахиулагчид "зөвшөөрөлгүй" хэмээн мэдэгдэж. Малайзын парламент энэ сард сонгуулийн реформтой холбоотой хэд хэдэн шийдвэр баталсан ч энэ бүхэн нь эрх баригч Barisan Nasional эвслийг санал хураалтын булихай луйвар хийхээс хамгаалах чадваргүй баримт бичиг болсныг сөрөг хүчин шүүмжилж буй юм. Чухамдаа нийгмийн дундаж давхаргынхны дунд нөлөөллөө хадгалж үлдэхийн тулд шинэчлэл хийсэн дүр эсгэж байна хэмээн эрх баригч намыг тэд буруутгаж байна.
Х.ЭНХ