Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хурлаар Баян-Өлгий аймгийн харьяат Ш.Адилбек, Ж.Ганибет, К.Ерлан нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцлээ. Тэд бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2011 оны дөрөвдүгээр сарын 14-нд Баян- Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Х, Б нарт ноолуур өгнө гэж дуудаж аваачаад, толгойг нь чулуугаар цохиж, амь насыг нь хохироосон юм.
Улмаар хохирогч Х, Б нарын цогцсыг, “УАЗ- 31514” маркийн машин, дотор нь байсан ноолуурын хамт шатааж, бусдын эд хөрөнгийг санаатай устган ул мөрөө баллахыг оролдсон. Мөн Ш.Адилбек нь уг хэргийг үйлдсэнийхээ дараа Ховд аймгийн Булган сумын нутаг, Ярантын боомтоор БНХАУ руу оргож, 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны 05.00 цагийн үед улсын хил зөрчин орж ирсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхээс Ш.Адилбек, Ж.Ганибет, К.Ерлан нарт оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ.
Г.РАВЖАА