Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311 дүгээр ангийн дугаар заставын хариуцсан хэсгээр 12 адуу хулгайлан тууж явсныг хилчид саатуулан малыг эзэнд нь хүлээлгэн өгчээ. Энэ сарын 22-ны өдөр ОХУ-ын хилээр манай руу орж ирсэн хоёр морины мөр үзэгдсэн тул хилийн эрлийн ажиллагааг зохион байгуулсан аж.
Увс аймгийн Тэс сумын иргэн Ц.Галдандагва, ОХУ-ын Тува улсын иргэн Чингэс С.С нар мал хулгайлахаар ОХУ-ын талаас манай улсын хилийг зөрчин орж ирсэн нь тогтоогдсон байна. Тус аймгийн Баруунтуруун сумын харьяат иргэн С.Ганзориг гэгч нь тэдгээр хил зөрчигчидтэй үгсэн тохиролцож, Цагаанхайрхан сумын иргэн Я.Нэргүйн адууг хулгайлан явж байсныг саатуулсан гэнэ.
Иргэн Ц.Галдандагва, Чингэс С.С, С.Ганзориг нарыг Увс аймгийн хуулийн байгууллага шалгаж буй аж.
С.УРАНЧИМЭГ