Малын хулгайч нар “олз”-оо хурдан удмынх, унагатай, хээлтэй гэж ялгалгүй авч, нядалдаг. Хулгайч нарын хувьд амар хялбар аргаар мөнгө л олж байвал бусад нь хамаагүй байдаг гэхэд нэг их буруутахгүй. Хэдэн сарын өмнө Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат тэргүүтэй хэдэн хүний улсад уралддаг, дээг үүр давхидаг хурдан удмын адууг хулгайлсан хэрэгтнүүдийг Эрүүгийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлсэн. Цагдаа, тагнуул, хил хамгаалах байгууллагын ажилтнууд Дорнод, Хэнтий аймгаас удаа дараа мал хулгайлж байсан зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдийг илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрл үүлэхээр болоод байгаа гэнэ. Дорнод аймгийн харьяат П.Онолтуяа гэх залуугаар толгойлуулсан долоон залуу айлын адуу хулгайлж, махалж зардгаас гадна хил давуулан худалддаг байжээ.
Ингэхдээ зохион байгуулалттайгаар хил давуулж, БНХАУ-ын нутаг Дорнодтой хил залгаа Алтан эмээл гэх газарт аваачин борлуулдаг байсан юм байна. Тэд энэ гэмт үйлдлээ 2007 оноос хойш хийж эхэлсэн бөгөөд 2009 онд Дорнод аймгийн нутгаас хоёр айлын 40 орчим адууг хулгайлан хил давуулан худалдсан аж. Хил хамгаалах байгууллагын эх сурвалж “Алтан эмээл, Дорнодын хооронд барга адууг хил давуулан худалддаг контрбандын хэрэг удаа дараа гарч байсан. Тэднийг хууль хяналтын байгууллагынхантай хамтарч 2011 онд саатуулсан юм. Тэд удаа дараа хууль бусаар хил зөрчиж, адуу гаргадаг байсан юм билээ. Гэмт этгээдүүд хилийн орчимд адуугаа тууж авчраад улмаар бэлчээр даган гарч буй дүр эсгэдэг. Тэгээд өөрсдөө араас нь гарч байсан бололтой. Алтан эмээлийн нэгэн гацаанд очмогцоо БНХАУ-ын иргэдэд багагүй үнэ хөлсөөр өгөөд тэндээ наргиж байгаад мөн л хулгайгаар хил давж орж ирсэн байдаг” гэж ярив.
Тэд гэмт хэрэг үйлдэж, улсын хил зөрчсөнөөс гадна мөрдөн байцаалтын шатнаас оргож, Алтан эмээлд багагүй хугацааг өнгөрөөсөн аж. Бидэнд олдсон мэдээллээр тэд адуу хулгайлж хил давуулснаас гадна хоёр ч айлын 29 адууг махлан заржээ. “Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз тэргүүтэй уяачдын гал өвөл, хавартаа Дорнод аймагт цөөнгүй адуу тусгаарлан идээшлүүлж байж. Тэднээс гадна Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононгийн угсаа сайтай адуу ч бас Дорнодод байсан гэнэ. Гэвч “сүүлгүй чононууд” Д.Ононгийн Дорнод аймагт үүлдэр, угсааг нь сайжруулж байсан адуу наас 29-ийг хулгайлжээ. 29 адуун дунд нь унагатай болон хээлтэй гүү, хурдан удмын морьд нь байсан аж.
Түүнээс гадна өөр нэгэн айлын угшил сайтай 10 адууг хулгайлан махалж, Улаанбаатарт махны ченжүүдэд худалдсан байх юм. Малын хулгайч нар дээрх гэмт хэргүүдээс гадна Хэнтий аймгийн урд талын болон Улаанбаатар руу явах зам дагуу байдаг Жаргалтхаан сумын хэд хэдэн айлын адуу, үхрийг нь хулгайлан худалдсан нь шалгалтын явцад тогтоогджээ. П.Онолтуяа, Б.Ганзориг, Ж.Өнөр бат, Т.Ганбат, Б.Шинэбаяр, Л.Батмөнх, Н.Бат тулга нарын хийсэн гэмт үйлдлээс болж, зөвхөн Д.Онон гийнд л гэхэд 180 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Тэдний хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх долоон хүнийг Эрүүгийн хуульд заасан, бүлэглэн улсын хилийг удаа дараа зөрчсөн, удаа дараа бусдын эд зүйлсийг зохион байгуулалттайгаар хулгайлсан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, хэрэг үйлдсэн, бүлэглэж мөрдөн байцаалтаас оргосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Тэдэнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлосон ч хэрэгтнүүдийн нэгнийнх нь өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг долоодугаар сарын 1-ний гэх хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарын хэргээс үүдэн баривчлах захирамж Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргаж, хорьсонтой холбоотойгоор хойшилжээ.
Г.РАВЖАА