Долоодугаар сарын 1-ний хэрэгт хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нарыг яллагдагчаар татаад байгаа. Тав дахь удаагийн шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 10.00 цагт эхлэх байсан ч шүүгчид болон өмгөөлөгчдийн хэн нь ч ирсэнгүй. Учир нь энэ сарын 16-нд болсон шүүх хурлын үеэр Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс томилсон өмгөөлөгч Б.Батхуяг, Ж.Энхтуяа, Л.Даваасүрэн, Т.Баярсайхан нар өмгөөлөл явуулах боломжгүй, хоёр хоногийн дотор 29 хавтаст хэрэгтэй танилцаж амжихгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн учир шүүх хурал дахин хойшиллоо.
Түүнээс гадна Монголын өмгөөлөгчдийн холбоо (МӨХ) “Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс өмгөөлөгч томилж явуулдаг нь хүний эрхийг зөрчин, хүчээр өмгөөлөгч тулгаж буйтай адил зүйл боллоо” гэж үзээд өмгөөлөгч томилсон шийдвэрийг хүчингүй болгожээ.
Ч. ХОСБАЯР: БИД ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАХГҮЙ
Шүүгчид цагдан хорих шийдвэрээ цуцлах, эсэх цаашид ямар арга хэмжээ авч шүүгдэгчдийг өмгөөлөгчөөр хангах талаар шүүгч Ч.Хосбаяраас тодрууллаа.
-Цагдаагийн дарга нарын хэргийг шүүх хурлыг хэзээ хийхээр болсон бэ?
-Тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
-Шүүгдэгч нарт өмгөөлөгч сонгох эрхийг нь олгохгүй юм уу. Өмнөх шүүх хурлын үеэр цагдан хоригдож байгаа учир сонгох боломжгүй байна гэсэн хүсэлтийг тэд тавьсан?
-Өмгөөлөгчөө сонгох эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Шүүгдэгчээр татагдсан хүн бүхэн “Би өмгөөлөгчөө сонгоно, сулла, шийдвэрээ цуцал” гээд байвал юу болох вэ. Бид Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандан шүүгдэгч нарт өмгөөлөгч томилох санал гаргасан. Бидний хүсэлтийн дагуу Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс өмгөөлөгчид томилж явуулсан. Гэтэл МӨХ тэрхүү шийдвэрийг цуцалсан. Тус холбоо дотоод асуудлаа хэрхэн шийдэхийг мэдэхгүй юм. Монголд хууль эрх зүйн туслалцаа үзүүлж буй бүх өмгөөлөгчийн нэрийн жагсаалтыг шүүгдэгчдэд хүргүүлсэн.
-Цагдан хорих шийдвэрээ цуцлахг үй гэсэн үг үү?
-Бид гаргасан шийдвэрээ цуцлахгүй.
Х.ОЮУН