Долоодугаар сарын 1-ний гэх хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагыг өмгөөлөх өмгөөлөгчийг Сүхбаатар дүүргийн шүүхээс томилон өнгөрсөн даваа гаригт танилцуулж, гурав хоногийн хугацаанд хавтаст хэрэгтэй танилцах шаардлага тавьсан. Харин өмгөөлөгчид болон шүүгдэгч нар шүүгчийн энэ шийдвэрийг эсэргүүцээд байгаа юм. Өмгөөлөгчид хав таст хэрэгтэй танилцах хугацаа богино, шүүгдэгч нар өмгөөлөгчөө сонгох боломжгүй, хүний эрх болон хууль зөрчиж байна хэмээн үзжээ.
Өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн шүүхэд эсэргүүцлээ илэрхийлээд зогсохгүй Нийслэлийн шүүхэд ч мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ талаар хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр томилогдсон өмгөөлөгч Б.Батхуягаас тодруулахад “Бид үйлчлүүлэгчдээсээ татгалзсан. Түүнээс гадна өмгөөлөгч нараас ч шүүгдэгчид татгалзсанаа өнгөрсөн даваа гаригт болсон хурлын үеэр мэдэгдсэн. Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал болж, хэрхэх тухай хэлэлцэх гэж байна. Юутай ч томилогдсон өмгөөлөгч нарын зарим нь маргааш шүүх хуралд оролцож чадахгүйгээ илэрхийлээд байгаа” гэлээ.
МӨХ-ны өөр нэг эх сурвалж “Энэ удаагийн хурлаар шүүгч Ч.Хосбаярын өмгөөлөгч байхдаа эрхээ хасуулсан асуудлыг, хуульчийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх асуудлыг хэлэлцэнэ. Түүнийг эрх зүйн чадамжтай шүүгч мөн эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон. Харин шүүгч Ч.Хосбаяр МӨХ-ны эрх бүхий хүмүүст хандан “Өмгөөлөгчдөө шүүх хуралд оролцуулбал баривчилсан хоёр өмгөөлөгчийг суллаж болно” гэж ярьсан гэсэн мэдээлэл бий” гэж хэлэв.