Энэ оны хоёрдугаар сараас эхлэн “Өдрийн сонин” болон зарим сонин хэвлэлд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай холбоотой сөрөг агуулга бүхий мэдээлэл цөөнгүй нийтлэгдсэн. Түүнчлэн Батлан хамгаалахын сайдыг огцруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан саналыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцээд ийм үндэслэл байхгүйг тогтоосон билээ. Гэвч Батлан хамгаалахын сайдыг мэргэн буудагчдыг бэлтгэх сургалтын тухай нууц материалыг задруулсан гэх мэдээлэл сонин хэвлэлд нийтлэгдсээр байна. Энэ сургалт өмнө нь ЗХЖШ-ын даргын илт тушаалын дагуу явагдаж ирсэн, жижиг салбарын бэлтгэл, түүний дотор цэрэг дайчдын нэг бүрийн сургалтын жирийн нэг арга хэмжээ учир төрийн нууцад хамаарахгүй болохыг хуулийн болон цэргийн мэргэжлийн хүмүүс тогтоож холбогдох дүгнэлт гаргасан юм.
Мөн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр энэ асуудлыг зохих журмын дагуу шалгаж өгөхийг хүсч Тагнуулын ерөнхий газарт хандсан бөгөөд үүний дагуу тус газраас тусгайлсан шалгалт явуулж уг мэдээлэл төрийн нууцад хамаарахгүй болохыг тогтоон 4 дүгээр сарын 9-нд түүнд албан ёсны хариу ирүүлснийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ардчилсан улс орны нэг жишиг бол Зэвсэгт хүчнийхээ тухай мэдээллийг гадаад, дотоодод нээлттэй байлгахад анхаардаг бөгөөд манай улс өнгөрсөн хугацаанд энэ талаар багагүй амжилт олсон орны тоонд ордог.
Гэтэл олон улсын терроризмтай тэмцэхэд бэлэн байх Зэвсэгт хүчний чадавхийг сайжруулах хүрээнд явагддаг сургалт, бэлтгэлийн арга хэмжээ, түүний дотор аль нэг гуравдагч оронтой хамтран ийм төрлийн дадлага, сургуулийг зохион байгуулах асуудлыг нууцлах ёстой зүйл мэтээр ярьж, бичих нь өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх тухай Үндсэн хуулийн заалтад харш төдийгүй бусад оронд ч буруу ойлголт төрүүлж болохоор зүйл юм.
БХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба