Дорнодын Матад сумын Тамсагийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг” компани байгаль орчинг сүйтгэн мал бэлчих газаргүй, өвс ургамал ургах нөхцөлгүй болгосныг эсэргүүцэн тус аймгийнхан болон Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийнхэн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа билээ. Өмнө нь гурван удаа хойшилсон шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 14.00 цагт эхэллээ.
Шүүх хуралд Матад сумынхан болон тэднийг дэмжиж буй нийслэлийн иргэд ирсэн байв. Шүүх хурлын өмнө Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн хуульч, өмгөөлөгч Т.Мэндсайхантай уулзахад “Байгаль орчинд үзүүлсэн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлээ бид хоёр жилийн өмнө гаргасан. Матад сумын 19 дүгээр талбайд хийж байгаа газрын тосны хайгуулын явцад үүссэн цооног, хаягдлын санг дагасан байгаль орчны бохирдол, мөн бэлчээр талхалж буй хүнд даацын машинууд зэргэээс нөхөн төлбөр нэхэмжилж байна. Бидний тооцоолсноор 1130 га газрыг тахалсныхаа нөхөн төлбөрт тус компанийнхан 1.3 тэрбум төгрөг төлөх учиртай. Шүүхээс монголчуудын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарна гэдэгт итгэж байна” гэв.
Дугаар шилжих мөчид шүүх хурал дуусаагүй байв.
Х.СҮРЭН