Лаосын нийслэл Вьетньян хотноо Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) дээд хэмжээний уулзалт болж холбоогоо “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн төв” болгож өөрчлөх талаар ярилцав.
Тэгэхдээ гишүүн улсуудын эв нэгдэл, нягтралыг тус уулзалт харуулсны зэрэгцээ нэлээд хэдэн гол асуудлаар, юуны урьд Ази-Номхон далайн бүс нутагт АСЕАН-ы гүйцэтгэх үүргийн тухайд нэгдсэн ойлголтод хүрч чадсангүй. Энэ холбоонд Лаос, Индонез, Тайланд, Сингапур, Филиппин, Вьетнам, Малайз, Мьянмар, Камбож, Бруней гэсэн 10 улс багтдаг юм.
Уулзалтыг нээж үг хэлсэн Лаосын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит АСЕАН нь эдийн засгийн хэмжээгээрээ Азид гуравт, дэлхийд тавд ордгийг сануулав. Ирэх онд тус холбоонд Зүүн Тимор нэгдэх болсныг дуулгав. Ингээд тус бүс нутгийн бүх улс холбоонд нэгдэх аж. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт агуулгаараа төдийгүй оролцсон бүрэлдэхүүний хувьд ч урьд өмнөхөөсөө ихээхэн ялгарч байжээ. Индонезид болсон түрүүчийн уулзалтаас хойш АСЕАН-ы гишүүн орнуудын удирдлага солигдсон байв. Тавдугаар сард улс төрийн үймээн шуугианы улмаас Сингапурын Ерөнхий сайдаар бараг 20 жил ажилласан Ли Сянь Лун халаагаа өгчээ. Вьетнам, Тайландад наймдугаар сард Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нь өөрчлөгджээ. Индонезийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх энэ сард дуусах тул Жоко Видодо өөрийнхөө оронд Ерөнхий сайдаа Лаос руу явуулсан байв.
Уг уулзалтаас хэд хэдэн баримт бичиг гаргасны нэг нь Мьянмарт гарсан зөрчил тэмцлийг зохицуулахад зориулагдсан байна. 2021 онд тус улсын Засгийн эрхэнд цэргийн хунт гарч ирсэн юм. НҮБ-ын баримтаар цэргийн эргэлт нь араасаа иргэний дайн дагуулснаас олон хүний аминд хүрч, мянга мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, хүн ам нь ихэд ядуурсан байна. АСЕАН-ы орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараа Засгийн газрын болон бүс нутаг, дэлхийн том гүрнүүдийн дипломат байгууллагын тэргүүн нарын уулзалт болов. АСЕАН болон яриа хэлэлцээрийн түншүүдийг нэгтгэдэг Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний (ВАС) уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцжээ. Түүнээс гадна Хятад, Япон, Энэтхэгийн Ерөнхий сайд Ли Цян, Шигэрү Ишиба, Нарендра Моди болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар хүрэлцэн иржээ. АСЕАН болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад Орос, АНУ, Европын Холбоо, Япон, Австрали, Өмнөд Солонгос, Энэтхэг, Хятад болон бусад улс төлөөлөгчөө ирүүлсэн байна. Москвагийн үзэж буйгаар цэрэгжүүлэх гэсэн АНУ-ын чармайлтаас аюулгүй байдал нь дордож байгаа Ази-Номхон далайн бүс нутгийн байдлыг Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэхээр болжээ.
Сергей Лавров Лаост ирсэн эхний өдрөө Лаос, Вьетнамын Гадаад хэргийн сайд нартай уулзжээ. Лаосын сайд Салемсай Коммасит Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд 1986-1992 онд суралцсан байна. Тэд орос хэлээр ярилцан хүмүүнлэгийн хийгээд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөх асуудлаар санал солилцжээ.
Сергей Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхань Шон нар бүс нутгийн орнуудад тохиолдсон байгалийн гамшгийн үр дагаврын талаар ярилцсан аж.
Блинкен Лаост ямар зорилготой ирж буйг Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн түүний туслах Дэниел Критенбринк урьд нь мэдээлжээ. Мьянмар дахь хүний эрх, нутаг дэвсгэрээс үүдэлтэй санал зөрөлдөөнөөс АСЕАН-ы орнууд болон Украинд үе үе бослого тэмцэл болж, Өмнөд Хятадын тэнгист Хятад улс “хариуцлагагүй” хандаж буй тухай ярилцахаар Вашингтон төлөвлөсөн байв. “Оросын батлан хамгаалах-аж үйлдвэрийн баазыг Хятад шийдвэртэй дэмжих байдал улам бүр нэмэгдсэн” гэж Дэниел Критенбринк хэлсэн байна.
Лаост энэ удаа Хятадыг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян төлөөлжээ. Хятад, АСЕАН хоёр эдийн засгийн нэгдмэл орон зай-худалдааны томоохон түншүүд юм. Хоорондын бараа эргэлт нь 2023 онд 22 тэрбум ам.доллар болсон байна.
Мьянмарт цэргийнхэн эрх мэдэлтэй болсноор сүүлийн үед иргэд хийгээд үндэс угсааны бүлэглэлүүд түлхэн унагаагдсан иргэний Засгийн газрыг дэмжигчдийн хоорондын зөрчил хурцдаж буй юм. Сүүлийн дөрвөн жилд анх удаа өөрсдийн хяналтад байгаа газартаа 2025 онд сонгууль хийхээр одоогийн эрх баригчид нь төлөвлөж буй ч сөрөг хүчин болон АНУ зөвшөөрөхгүй байгаа.
Украины тухай аливаа яриа хөөрөөнөөс АСЕАН зайлсхийж, дээд хэмжээний уулзалт мэтийн арга хэмжээний үеэр жилд хоёр удаа энэ сэдвийг хөнддөг юм байна. Орос болон Өрнөдийн адил буруутныг АСЕАН хайхгүй, албан ёсоор аль нэг талыг нь илүүд үзэж сонгохгүй буй. Тэгэхдээ АСЕАН-ы орны төлөөлөгчид дипломат шугамаар албан ёсны бус уулзалтын үеэр бол Оросын талд байдгаа ойлгуулдаг гэж шинжээч Королев хэлсэн бий.
Лаост болсон Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний XIХ уулзалтын дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр Сергей Лавров мэдэгдсэнээс үзвэл уг баримт бичигт улс төрийн өнгө аяс оруулах гэсэн АНУ, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландын “шаргуу оролдлого”-оос үүдэж төгсгөлийн тунхаглалаа баталж чадсангүй.
АНУ болон түүний холбоотнууд Ази-Номхон далайн бүс нутгийг НАТО-гийн ашиг сонирхлын бүсэд оруулах, Азийг милитарчлах, тус бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож урагшлах хөгжлийг нь зогсоох эрсдэл бүхий зам руу оруулах бодлого баримталж байна гэж Сергей Лавров үзэж буйгаа илэрхийллээ. Түүний үзэж буйгаар АСЕАН-ыг өөрийн гол түнш болгож, үүнийгээ Орос, Хятадын эрх ашгийн эсрэг чиглүүлэхийг эрмэлзэж байгаа аж. Москвагийн байр сууринаас хандвал америкчуудын хяналтаар явуулж буй цэрэг, улс төрийн чиглэлтэй “явцуу, хаалттай олон тооны”, тухайлбал, “АНУ-Япон-Өмнөд Солонгос”, “АНУ-Япон-Филиппин”, “Австрали-Шинэ Зеланд-Өмнөд Солонгос-Япон” мэтийн эвслүүд тус бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдалд ихээхэн эрсдэл бий болгож байгаа гэнэ.
Энэ асуудлаар Москватай Бээжин санал нэг байгааг Хятадын Ерөнхий сайд Ли Цян Лаост илэрхийлжээ. Энэ шүүмжлэлийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен эрс няцаажээ. Тэрбээр АНУ, АСЕАН-ы түншлэлийн хүч, боломжийг энэ уулзалт харууллаа гэж мэдэгдсэн байна. Өмнөд Хятадын тэнгист Хятад аюултай, хууль бус идэвх чармайлт гаргаж байгаагийн уршгаар хүмүүс хохирч, АСЕАН-ы орнуудын хөлөг онгоцнууд өртсөнд сэтгэл түгшиж буйгаа Блинкен энд хэлжээ. Оросын тухайд тэр бас дуугүй байсангүй. Украинд болж буй үйл явдалд сэтгэл зовж байгаагаа уулзалтад оролцсон олон төлөөлөгч илэрхийллээ гэж Блинкен дурдаад, эдгээр өдрүүдэд Сергей Лавровтой нүүр учирсангүй, бид гэхдээ нэгнийхээ үгийг сонслоо. Сергей Лавровоос “шинэ юм” огт сонсогдсонгүй гэж АНУ-ын Төрийн департаментын тэргүүн хэлсэн байна.
Р.ЖАРГАЛАНТ