Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудын талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооныхон өчигдөр мэдээлэл хийв. Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийн энэ жилийн уриа нь “Харааны бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, дэд бүтцийг сайжруулъя” аж. Манай улсад харааны бэрхшээлтэй 12 600 орчим иргэн байгаагаас 4000 гаруй нь Улаанбаатар хотод оршин суудаг гэнэ.
Харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин, дэд бүтцийг сайжруулахын тулд хэд хэдэн зүйлд онцгой анхаарах шаардлагатайг дээрх холбооныхон тодотголоо. Юуны өмнө явган хүний замыг стандартын дагуу тавихыг уриалав. Бас сүүлийн үед нийслэлд замын хашлагуудыг сольж, явган хүний замуудыг эвдсэн нь хараагүй иргэдэд сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж байна гэсэн юм. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл буудалд ирэхэд аль чиглэлд зорчихыг зарладаг болох нь чухал гэдгийг хөндлөө.
Түүнчлэн энэ жил хараагүй иргэд сонгох эрхээ хараат бусаар эдэлж чадаагүйг тэд мэдээлэв. 2013 оноос хойших сонгуулиудад саналын хуудсыг брайл үсгээр хэвлэх болж, харааны бэрхшээлтэй иргэд сонгох эрхээ бие даан эдэлж байжээ. Гэвч энэ жилийн УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар хараагүй хүмүүст зориулсан саналын хуудас хүртээмжгүй, тараасан нь тэмтэрч уншихад хэцүү байсан гэнэ. Үүний улмаас тэд санал өгөхдөө бусдаас тусламж авахад хүрчээ. Уг нь тус холбооныхон өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дараа холбогдох байгууллагынханд энэ талаар гомдол гаргажээ. Харамсалтай нь, орон нутгийн сонгуулиар нөхцөл байдал огт сайжраагүй байсан гэв.
М.ОЧ