Улаанбаатар хотын төв цэг буюу Д.Сүхбаатарын талбайд өчигдөр Жуулчны мэдээллийн төв нээлээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын иргэд, жуулчдад хэрэгцээт мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор уг төвийг байгуулсан байна. Уг төвийнхөн дөрвөн улирлын турш ашиглаж болох, дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, зөөврийн сууцад төвхнөжээ. Дээрх газрынхан “Орд гэр” компанийнхантай хамтран уг угсармал сууцаа бүтээсэн гэнэ. Тус мэдээллийн төвөөр дамжуулан гадаадын жуулчдад хот орчимд аялах маршрут, үзэж сонирхох газар, нийтийн тээврийн чиглэл, үзвэр, үйлчилгээний газруудын байршил зэрэг мэдээлэл түгээхээр төлөвлөсөн байна.
Ташрамд дурдахад, Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төвийг нийслэлд анх 2013 онд байгуулж байв. Түүнээс хойш өдий хүртэл зургаан төв байгуулаад буй бөгөөд тэдгээрийн гурав нь байнгын, бусад нь улирлын чанартайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн ХБНГУ-д манай улсын нэг төв байрладаг гэнэ. Энэ он гарснаас хойш дотоод, гадаадын 16 180 иргэн тэдгээр төвөөс мэдээлэл, зөвлөгөө авчээ.
М.ОЧ