Хожим нь Оросын Ерөнхийлөгч болсон Борис Ельциний намтарт хамгийн оньсого мэт, одоо хэр нь гүйцэд тайлагдаагүй нэгэн үйл явдал 1989 оны есдүгээр сарын 28-нд тохиосон байна. Түүний өөрийнх нь ярьснаар Москвагийн ойролцоох найзынхаа зуслан руу явж байхад нь хэдэн дээрэмчин дайрч, толгойд нь хүүдий углаад гүүрнээс Москва гол руу шидчихжээ. Азаар Ельцин хүйтэн уснаас амь мэнд гараад цагдаа нарт хандав.
Намын дээд хэсгийн дунд түгээмэл байсан дэглэм, ёс суртахууныг зоригтой шүүмжилдэг, сөрөг хүчний төлөөлөгчийн нэр алдар өсөхөд энэ халдлага нөлөөлсөн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачёв тааламжгүй дайсантайгаа тооцоо хийхээр ийн оролдлоо гэж ардчилсан хүчнийхэн үзэж байв. Үндсэндээ дуусгавар болоод байсан Ельциний улс төрийн шатаар өгсөх үйл явц дахин дээшилж удалгүй ОХУ-ын Дээд зөвлөлийн дарга, улмаар Оросын Ерөнхийлөгч болсон юм.
Гүүрнээс унасан тухайд өөр хоорондоо авцалдахгүй таамаг цөөнгүй байдаг аж. Үнэн хэрэгтээ ямар нэг халдлага болоогүй, Ельцинийг нууц амрагийнх нь нөхөр ус руу шидсэн гэх таамаг бий. Хохирогч өөрөө ч мэдүүлгээ байсхийгээд өөрчилж байжээ.
Борис Ельцин цагдаагийн бяцхан өрөөний үүдэнд ирээд “Тэд надад яаж хандсаныг хар даа, Саша” гэж хамгаалагч Александр Коржаковт хэлж байсан гэдэг. ЗСБНХУ-ын ардын депутат байхдаа Москвагийн ойролцоо Одинцовын дүүргийн Успенское тосгонд албаныхаа “Волга” машинаар очиж явахдаа Улсын барилгын хороонд ажилласан эртний нөхөр, одоо энд зусландаа байгаа Сергей Башиловыг санаандгүй байхад нь очих зорилгоор нэг километр орчим зайд машинаасаа бууж, цааш явган алхахаар шийджээ. Явж байтал нь улаан өнгийн “Жигули” машин хажууд нь ирж зогсоод дөрвөн бадируун эр гарч ирээд Ельциний толгойд хүүдий углаж, гарыг нь ард нь хүлээд машин руу түлхээд оруулчхав. Алуурчид юм байна, одоо ой руу аваад явна гэдэгт Ельцин эргэлзсэнгүй. Гэтэл халдлага үйлдэгчид түүнийг гүүрнээс Москва гол руу шидчихэж.
Намрын хүйтэн уснаас Ельцин яаж ийж гараад эрэг хүрлээ. Хажуугаар нь өнгөрөх машины жолооч нар хачирхалтай хүнийг авахаас эмээж харин машин зам дээр гарахгүй байхыг дохиогоор анхааруулав. Чичирч дагжсан Ельцин тосгонд хүрч, томчуудын зуслангийн цагдаа нараас тусламж хүсжээ. Гэтэл өөрийнх нь дарга, сөрөг хүчний нэрд гарсан улс төрч, саяхан Америкаас ирсэн Коржаков ердөө дотуур хувцастайгаа тэнд тухалж байдаг байгаа.
Хэдийн шөнө дунд болжээ. Томский, Костиков хоёр саяхан юу хийх, яахаа мэдэхгүй бие бие рүүгээ харж байснаа нэг нь хуучин халаах төхөөрөмж гаргаж ирээд урьд нь телевизээр харж байсан, чичирсэн Ельциний хажууд аваачиж тавив. Коржаков түүнд самогон аягалж өгөв. Ельциний нойтон хувцсан дээр цус, усан дотор байсан ургамал, ногоо наалдсан харагдана.
Удалгүй Ельциний гэргий, охин нь нөхөртэйгөө хүрч ирцгээв. Үл мэдэг найгах Ельцинийг тэд авч гараад машинд суулгалаа. ОХУ-ын анхны Ерөнхийлөгчийн амьдралын хамгийн нууцлаг нэг орой өөрийнх нь болон түүний их ойрын хүн Коржаковын ярьснаар ийн өнгөрчээ.
...Ельцин бүр Свердловск мужийн КН-ын хороонд 1968 онд Барилгын хэлтсийг нь удирдаж байхдаа л нэр хүнд олж эхэлсэн байна. Үдийн хоол 60-70 мөнгөний үнэтэй, мөнгө хураагч байхгүй, идсэн хоолныхоо үнийг тусгай тавган дээр тавьж орхиод шаардлагатай бол хариултаа өөрсдөө аваад явчихдаг байж. Бүх хүн ийн төлбөр мөнгөө өөрөө тооцдог байхад ганц Ельцин л задгай мөнгөөр тооцоо хийдэггүй, цаасан дэвсгэрт тавган дээр тавьчхаад хариулт авалгүй гараад явчихна. Удалгүй түүнийг дууриагчид ч гараад ирж. Хоолныхоо үнийг рублиэр төлдөг зуршил нь удтал хэвээр байсан гэдэг. Мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болчхоод орон нутгаараа явж байхдаа ч хот, үйлдвэрийн газруудын удирдлагаас яаравчлан барьдаг байсан зоогийн үнийг ч Ельцин ямагт рублиэр төлчихдөг, сүүлдээ магадгүй хэн нэгний заавраар ч юм уу, төлбөрийг нь 10 рубль болгож нэмсэн гэсэн.
Өөрчлөн байгуулалтын үед намын удирдлагын илүү эрх дархтай эрс тэмцдэгээрээ Ельцин алдаршсан байв. Өөрөө албаны машин унахаас, зуслан дээрээ үйлчлэгчтэй байхаас, дараа нь зуслангийн байр хэрэглэхээс татгалзжээ. Эрүүлийг хамгаалах яамны дөрөвдүгээр удирдах газрын эмнэлэгт хэвтэхээ ч больж.
Ельцин Улс төрийн товчооны орлогч гишүүнээс чөлөөлж өгөхийг хүсэж 1987 оны есдүгээр сард Горбачёвт захидал бичив. Ерөнхий нарийн бичгийн даргын эхлүүлсэн өөрчлөн байгуулалтад саад болж буй намын хуучинсаг үзлээ тууштай баримтлагчдыг уг захидалд шүүмжилжээ. Захидалд өгүүлснийг Горбачёв ямар нэг учир шалтгаанаар хайхарсангүй. Тиймээс аравдугаар сард болсон КН-ын Төв хорооны бүгд хурал дээр Ельцин энэ сэдвээр үг хэлэв. Тухайн үедээ санаанд багтамгүй эрс агуулгатай уг үйл явдалд үзүүлсэн хариу үйлдэл нь нэг л чиглэлтэй, намын ажилтнууд түүнийг хатуу шүүмжилж, Ельциний байр суурийг “улс төрийн хувьд алдаатай” гэж дүгнэсэн байна. Арваннэгдүгээр сард түүнийг Москва хотын намын хорооны нэгдүгээр нарын бичгийн даргын албанаас огцруулж, 1988 оны хоёрдугаар сард Улс төрийн товчооны орлогч гишүүнээс хасав. Тэгээд нэлээд хэдэн түвшин доошлуулж ЗСБНХУ-ын Барилгын хорооны нэгдүгээр орлогч даргаар, мэргэжлийн дагуу ажиллуулахаар болжээ.
Горбачёв “Би чамайг дахин улс төрд оруулахгүй” гэж хэлсэн ч Ельцин чухам түүн рүү тэмүүлж байлаа. Өргөн олон түмний дэмжлэгийг ч мэдэрч байв. 1989 оны хавар тэрбээр Ардын депутатуудын сонгуульд нэрээ дэвшүүлж, өөрийн өрсөлдөгч Евгений Браковыг телевизийн халз мэтгэлцээнд ёстой бут ниргэжээ. Хэдэн сарын дараа Ардын депутатуудын анхдугаар их хурал дээр Ельцин Дээд зөвлөлийн гишүүн, Муж хоорондын депутатуудын бүлэг хэмээх сөрөг хүчний бүтцийн нэг даргаар нь сонгогдлоо. Одоо тэрбээр дээш ахих хэтийн ирээдүйгүй, ивгээл хүртэх эрхгүй дунд эрэмбийн түшмэл биш, албан ёсны бодлоготой санал нийлээгүй хүмүүсийн нэрд гарсан удирдагч болох нь тэр. Чухам ийм үед нь Ельцинд тааварлаж үл болох дээрх явдал тохиолдох нь тэр. “Трамвайгаар зорчдог, дүүргийн жирийн эмнэлэгт үзүүлдэг Ельцин ард түмний талархлыг хүлээж, Америкт үг хэлээд бүтэлгүйтэж, гол руу шидэгдсэн юм. Түүний нэр алдар өсөхөд хэн ч саад хийж чадаагүй” гэж хамтран зүтгэгч Егор Гайдар нь хожим хэлсэн байдаг.
1989 оны есдүгээр сард Жон Хопкинсын их сургуулийн тусгай урилгаар Ельцин АНУ-д очиж лекц уншсан юм. Сэтгүүлч Владимир Губарев үүнээс хойхно Италийн хэвлэлд гарсан нэгэн өгүүллийг орчуулж “Правда” сонинд нийтлүүлжээ. Тэнд бичсэнээр бол Зөвлөлтийн зочин Америкт байх хугацаандаа байнга ууж, нисэж явахдаа онгоцон дотор “морь харж”, лекц унших газар луу авч явахаар өглөө эрт ирсэн профессорыг шилтэй виски (шарз) барьж угтаад, “амтархан” үнссэн, улмаар даруйхан архи уухыг хүссэн аж. Үүнийг үзээд Ельцин оюутнуудад лекц уншихдаа эрүүл байсан, харин цагийн зөрүүний улмаас нойр дутуу, бие үлбэгэр болсон тул архи уусан, халамцуу мэт санагдсан байж магадгүй гэж хэлсэн байдаг. Дараа нь улс төрчийг муучилсан мэдээллийг ямар зорилгоор олон түмэнд хүргэв гэж асуухад Губарев “Үнэний тулд, бүх дэлхий үүнийг уншсан байхад бид л юу ч мэдэхгүй байсан юм” гэж хариулсан байдаг. Ардчилсан хөдөлгөөнийг дэмжигчид АНУ-д Ельцин биеэ хэрхэн авч явсан талаарх уг нийтлэлийг гүтгэлэг, Горбачёв болон түүний ойрын хүмүүс ийм жигшүүртэй аргаар улс төрийн өрсөлдөгчөө намнахыг оролдлоо гэж үзсэн юм.
1989 оны есдүгээр сарын 28-нд Ельцин сонгогчидтойгоо уулзаж. АНУ-д очсон тухайгаа ярьж, асуултад нь хариулжээ. Хүмүүс сэтгэл хангалуун тарж, Ельцин ч унаандаа сууж, түүний багийнхан гэр гэрээдээ явцгааж. Хэрэв саяхнаас машиныг нь барих болсон, Ельцинийг сайн мэдэхгүй жолоочид нь итгэвэл, Успенскийгээс холгүй даргаа буулгасан аж. Башилов, Ельцин хоёр хүнд хэцүү хязгаар нутагт олон жил ажилласан, орос маягаар халуун усанд орж, ууранд суух дуртай юм санж.
Шөнө 24.30 цагийн үед Ельцин гэр лүүгээ утасдаж, замын цагдаагийн газар байна гэж хэлжээ. Уг үйл явдлыг тэрбээр дараах байдлаар дүрслэн ярьсан байна. “Машинаас буугаад хэдхэн метр алхаад байтал араас гэнэт нэг машин гарч ирсэн. Тэгээд л нэг мэдсэн гол дотор байж байх нь тэр. Ус маш хүйтэн, арай ядан эрэгт хүрсэн. Даарснаас чичрээд болдоггүй”. Энэ үйл явдал олон хүнд сэжиг төрүүлсэн байна. Тухайлбал, мөнөөх Коржаков Ельциний зааж өгсөн хэсэгт усны гүнийг хэмжиж үзэхэд их гүехэн, тийм өндрөөс Борис Николаевич унасан бол газарт унаж хэмхэрхээр байж. Гэхдээ Ельцин голын усанд байсан гэдгийг Коржаков хэзээ ч үгүйсгэж байсангүй. 1996 оны арваннэгдүгээр сард Германы “Der Spiegel” сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцахдаа “Тэр даарснаас чичрээд байсан. Би ч элдэв хэл ам дэгдэхээс сэргийлэхийг яаравчилсан. Энэ явдлын бүх үнэн Ельциний нууц болоод үлдэг гэж бодсон” гэсэн байна. Тэгэхдээ Коржаков даргатайгаа дуулиан шуугиантай гэгч нь хоёр тийш болсноос хойш ийн ний нуугүй ярьсан болохоор Ельцинийг сайнаар харуулахыг хичээгээгүй байж магадгүйг анзаарахгүй орхиж болохгүй юм. Гүүрнээс унасан нь Ельциний төдийгүй Коржаковын хувь заяанд ч нөлөөлсөн байдаг. Халдлага болсны дараа Ельциний ойр дотнын хүмүүс түүнийг хамгаалахад анхаарал тавихыг Коржаковоос хүсэж сард 300 рубль өгөхийг амласан аж. “Хэрэв түүнийг алахыг зорьсон бол ядах юм үгүй байсан. Борис Николаевич бараг хамгаалалтгүй, тэгэхдээ Ельцинийг алчихвал Орос орныг бүхэлд нь доргиож, учрах үр дагаврыг нь урьдчилан хэлэх аргагүй байсан” гэж олон жил үнэнч туслах нь байсан Лев Суханов хэлж байжээ.
Ямар ч байлаа гэсэн ардын депутат даарснаас хатгаа авч, өндөр халуурч хэд хоног хэвтэрт байж. Энэ явдлын талаар Дотоод хэргийн сайд Вадим Бакатинд мэдээлсэн байна. Гэтэл Ельцин өмнө нь хэлснээсээ буцаж, шуугиан дэгдээхгүй байхыг хүсжээ. Мөрдөн байцаагчид “Над руу хэн ч дайрч довтлоогүй” гэж хэллээ. Энэ тухай хэл ам намжиж байтал Бакатин чимээгүй байхаар Ельцинд амласнаа зөрчөөд Дээд зөвлөлийн чуулган дээр ярьж орхисноос уг түүх олны анхаарал татав. Өрсөлдөгчөө таагүй байдлаар харуулах боломжийг алдахыг хүсээгүй Горбачёв л үүнийг санаачлан сэдээ болов уу.
Москвад энэ талаар маш олон янзын яриа тархаж байлаа. Сухановын ярьснаар халдлага болсон тухай Ельцин ярьсныг хэн ч үгүйсгээгүй, бас хэн ч нотолсонгүй. Есдүгээр сарын 28-ны орой замын цагдаагийн газар байсан хоёр ажилтны нэг нь амиа алдсан гэх яриа ч Москвад сонсогдох болжээ. Ерөнхийдөө бол гол таамаг яриа улс төрийн болон хайр сэтгэлийн гэсэн хоёр үндсэн чиглэлтэй байлаа. Хоёр дахь чиглэлийн тухайд гэвэл тэр өдөр Башиловынхон зуслан дээрээ байгаагүй бөгөөд үүнийг Ельцин мэдээгүй байх учиргүй. Тэнд Елена Степанова гэх үйлчлэгч эмэгтэй ганцаараа байж. Ельцин түүн дээр очих гэж яваад тэр эмэгтэйтэй уулздаг бас өөр нэгэнтэй тааралдаж, тэр этгээд өрсөлдөгчөө (Ельцинийг) ус руу хийж орхижээ. ЗХУ-ын Дээд зөвлөлийн Ёс зүйн комиссын дарга, эрдэмтэн энэ хэргийг биечлэн мөрдөн шалгасан Анатолий Денисов хожим нь батлан хэлснээр голд унахаасаа өмнө Ельцин хэн нэгэнтэй гар зөрүүлсэн аж. Ельциний ойрын хамтран зүтгэгч Михаил Полторанин 10 жилийн дараа “Комсомолськая правда” сонины сурвалжлагчид “Эрчүүдийн амьдралд юу эс тохиолдох вэ дээ. Тухайн үед Ельциний эсрэг эрх баригчдын хийсэн үйлдэл бүхэн түүнд ашиг болдог байсан юм. Кремль дарамт шахалт үзүүлж л байсан бол Борис Николаевичийн зөв л байж таарна” гэж хэлсэн нь бий.
...Мөнөөх Степанова 1989 онд Ельцинд тохиолдсон явдлын нууцыг сэтгүүлчдэд илчлэхээс татгалзсан ч тэр орой Башиловын зуслан дээр цэвэрлэгээ хийж байснаа нуусангүй. Улсыг аюулаас хамгаалах хороо түүнийг дуудаж зургаан цаг байцаасан аж. Башиловын гэргий Александра Иванова 2004 онд хэлэхдээ “Тэдний хооронд юу ч байгаагүй, Леночка бол дэг журамтай, хариуцлагатай, ажилсаг хүн” гэсэн байдаг. Түүний үгээр бол Ельцин тэр орой “жаахан юм уучхаад” Башиловынхон зуслан дээрээ байгаа, эсэхийг мэдэлгүй, урьдчилж хэлэлгүй тэднийд очихоор явсан гэнэ.
Ельциний дотнын нэг нөхөр Яков Ольков нь “Хүүхнүүд Борист сайн байдаг байсан. Борис чинь нэр хүндтэй, хүний хийдэг бүхнээс тэр хол хөндий байгаагүй, тэгээд яах юм бэ. Гэргийдээ сайныг нь ч би мэднэ” гэж хэлсэн удаатай. Вадим Бакатин 2022 оны зун өөд болж. Ельцин гүүрнээс унасны нууцыг тайлахыг түүнээс нэг бус удаа хүссэн ч тэрбээр хэнд ч, юу ч ярьж байсангүй.