МУИС-ийн Оюутны холбооноос жил бүр зохион байгуулдаг “Оюуны давлагаа-2024” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-нд зохион байгуулна. Уг тэмцээнд их, дээд сургуулийн болон мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүх түвшний оюутан оролцох боломжтой. Эл тэмцээн нь хоёр үе шаттай. Эхний шатанд 100 оюутан оролцож, тэднээс дараагийнхад нь оролцох 20 гаруй суралцагчийг шалгаруулах гэнэ. Оролцогчид “Зургаан жил хүлээсэн ч”, “Ногоон автобус”, “Сэхээтний сэхээрэл”, “45 хоногийн курс”, “Эзэнгүй пост”, “Утаагүй уушги” зэрэг сэдвээр үзэл бодлоо илэрхийлнэ. Нэгдүгээр байрт шалгарсан оюутныг нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.
Оролцогчдыг МУИС-ийн Оюутны холбооны цахим хуудсаар дамжуулан энэ сарын 17 хүртэл бүртгэх гэнэ. Оюутнуудын сэтгэн бодох, судалгаа хийх, харилцах, илтгэх, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх, үзэл бодлоо зөв, чөлөөтэй илэрхийлэх, судалгаа шинжилгээ хийх, дүгнэх чадварыг сайжруулах зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулж буй аж.
А.ҮҮЛ