"Оросын боловсролын үзэсгэлэн-2024" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үзэсгэлэнд сургуулиа танилцуулахаар ОХУ-ын шилдэг 20 их, дээд сургуулийнхан оролцож буй. Тодруулбал, Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль, Ю.А.Гагарины нэрэмжит Саратовын их сургууль, Эрхүүгийн их сургууль, Томскийн политехникийн их сургууль, Улаан-Үүдийн их сургууль, Владивостокийн их сургууль, Екатеринбургийн их сургуулийн төлөөллүүд ирж, сургуулиа танилцуулж, оюутан сурагчидтай уулзаж буй. Өчигдөр нээлтээ хийсэн дээрх үзэсгэлэн өнөөдөр ч үргэлжилж байна.
Эрхүүгийн эрдэм шинжилгээ, техникийн улсын их сургуулийн Олон улсын харилцааны төвийн захирал Контримович Ася Алексеевна сургуулийнхаа талаар ярихдаа "Энэ жил манай сургуульд 29 оюутан элссэн. Эхнийх нь Монгол Улсын БШУЯ-ны сонгон шалгаруулалтаар элсэн орсон. Хоёр дахь шатных нь манай политехникийн сургуулиас авсан шалгалтыг давсан сурагчид хэлний бэлтгэлд хамрагдаж байна. 2024 оны элсэгчид маш сайн бэлтгэсэн сурагчид, тэр дундаа үе дамжсан эрчим хүчнийхэн ирсэн. Ер нь манай сургуулийн техникийн ангийг төгсөгчид Монгол Улсын шилдгүүд л байдаг. Бүтээн байгуулалтад гар бие оролцогчид байсаар ирсэн" хэмээн онцоллоо.
Үүнээс гадна Томскийн политехникийн их сургуулийн Орос хэлний тэнхимын эрхлэгч Евгения Алексеевна Шерия "Манай сургуулв 15 дахь жилдээ Монголоос оюутан элсүүлж байна. Өнөөдөр бид нийслэлийн ерөнхий боловсролын V сургуулийн багш сурагчидтай уулзлаа. Үргэлжлүүлээд орос хэлний багш нарт зориулсан дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Хүүхэд залуус маш их идэвхтэй оролцсонд баяртай байна. РЦНК-гийн номын санд Орос хэлний мастер хичээл заахад тэд их сайхан хүлээж авлаа. Орос хэл сурахыг их чухалчилдаг юм байна" гэсэн юм.